Нүүрсний салбарт ногоон гэрэл аслаа
Нээлттэй чингэлгээр шилжүүлэн ачилт хийхгүйгээр далайн боомтод шууд хүргэнэ.
Монгол Улс нүүрсээ Хятадын Тяньжин хот хүртэл төмөр замаар тээвэрлэж олон улсад өнөөдрөөс гаргаж эхэллээ. Ингэхдээ Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Олон-Овоогийн өртөөнд байгуулсан нүүрс тээврийн шинэ терминалаар дамжуулан гаргах юм. Нүүрс тээврийн шинэ терминал байгуулснаар Монгол Улс нүүрсээ ямар нэгэн шат дамжлагагүйгээр нээлттэй чингэлгээр шилжүүлэн ачилт хийхгүйгээр далайн боомтод шууд хүргэж гуравдагч зах зээлд нийлүүлэх юм. Өмнө нь Тавантолгойн нүүрсийг Хятадын Эрээн хот хүртэл тээвэрлэж, цааш нь хятадууд худалдан авч ачилт хийлгэн зардаг байсан. Харин Олон-Овоогийн өртөөнөөс шууд тээвэрлэлт хийдэг болсноор монголчууд өөрсдөө далайн боомтод хүргэж дэлхийн зах зээлийн үнэ ханшаар худалдах шинэ боломж нээгдэж байгаа юм. Ийнхүү саяхныг хүртгэл уналттай явсан нүүрсний зах зээл далайн боомтоор дамжин гуравдагч орны зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж байна. Нэг үгээр хэлбэл, нүүрсний зах зээлд ногоон гэрэл аслаа. Хэд хоногийн өмнөхөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадын "Чалько” компанид төлөх өрийг энэ сард багтаан дуусгавар болгохоор зорьж буйгаа мэдэгдсэн билээ.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/