Их Британи улсын YouGov-өөс жил бүрийн хавар явуулдаг “Action on Smoking and Health” олон нийтийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2024 онд 11-17 насны хүүхдүүдийн 18 хувь буюу нэг сая орчим хүүхэд электрон тамхи татдаг гэсэн үр дүн гарчээ. Электрон тамхины өнгөлөг сав баглаа боодол, жимсний анхилуун үнэр зэрэг нь хүүхдүүдийн сонирхлыг татаж байна гэж үзжээ.
Хамгийн анхны электрон тамхийг 1963 онд Герберт Гилберт зохион бүтээсэн бөгөөд “утаагүй тамхи” гэх төхөөрөмждөө оюуны эрхийн өмчөө авчээ. Энэ төхөөрөмж нь никотины уусмалыг халааж, уур гаргах замаар ажилладаг. Харин орчин үеийн электрон тамхийг Хятадын эм зүйч Хон Лик өөрөө тамхинаас гарах зорилгоор бүтээж байжээ.
Электрон тамхи нь никотин, амт оруулагч болон бусад химийн бодисыг халааж, амьсгалах аэрозолыг үүсгэдэг. АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаанд тус улсад худалдаалагдаж буй электрон тамхины 99 хувьд никотин агуулагддаг болохыг тогтоожээ. Мөн нэг ширхэг электрон тамхинд 20 ширхэг янжуур тамхитай тэнцэх никотин агуулагддаг байна. Никотин нь донтолт үүсгэж, тамхи татах хүсэл тэмүүллийг эрчтэй нэмдэг бодис юм. Мөн цусны даралт ихэсгэж, зүрхний шигдээс үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
2019 онд электрон тамхины хэрэглээтэй холбоотой уушгины гэмтлийн улмаас АНУ-ын 50 мужид 2800 гаруй өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 68 хүн нас барсан байна.
Дэлхийн Анагаах Ухааны Академийн 2018 оны тайланд электрон тамхины хэрэглээ нь ирээдүйд тамхи татах давтамж, хэмжээг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Хэрэв таны хүүхэд электрон тамхины хэрэглээтэй бол Их Британий “Action for Children's Parent Talk”-ийн эцэг эх, хүүхдийн дасгалжуулагч Рут Даквортын гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Эцэг, эхчүүд өөрсдөө тайван байх
-Хүүхэдтэйгээ ярилцахын тулд шүүмжлэхгүйгээр тайван байдлыг ашиглаж ярилцвал таны хүүхэд илүү нээлттэй ярилцаж чадах юм. Тайван, дэмжсэн, шүүмжлэлгүй өнгө аясаар тамхины хор хөнөөлийн талаар мэдээлж, нээлттэй яриа хийх нь хамгийн зөв аргуудын нэг юм.
Эрсдэлийн талаар тайлбарлаж өгөх
-Электрон тамхи нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар хүүхэдтэйгээ ярилцах. Электрон тамхийг хэрэглэснээр толгой өвдөж, хоолой, ам хорсож, уушги, амьсгалын үйл ажиллагаанд саатал учруулдаг зэргийг хэлж өгөх, мөн электрон тамхийг насанд хүрсэн хүмүүс утаат тамхинаас гарах зориулалттай бүтээсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.
Хүүхдийнхээ сурдаг сургуультай хамтарч ажиллах
-Сургуулийн зүгээс энэ тал дээр хэрхэн ажилладаг талаар эцэг, эхчүүдийн зүгээс танилцаж, тэдэнтэй хамтран хүүхдүүдэд зориулсан лекц, зөвлөгөө зэргийг явуулах нь хамгийн зөв аргуудын нэг гэжээ.
Мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах
-Хэрэв таны хүүхэд аль хэдийн донтолтын түвшинд очсон, тантай ярилцах хүсэлгүй байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай холбогдож зөвлөгөө авах хэрэгтэйг Даквторт хэллээ.