Улсын арслан Э.Оюунболдыг "бусдын биед гэмтэл учруулсан" хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Улсын арслан Э.Оюунболдыг бусдын биед гэмтэл учруулсан хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны /2024.08.10/ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрэгт байрлах "Их наяд худалдаа төвийн ойролцоо бусдын биед халдсан байна. Улмаар хохирогч болох 19 настай иргэн хуулийн байгууллагад хандаж, тус хэргийг гэмт хэргийн шинжтэй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн аж. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд тус хариу хэрхэн гарахаас Э.Оюунболдод холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ 1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Мөн хуулийн 2-д "Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.
https://isee.mn/n/68180