Францын Парис хотноо зохион байгуулагдаж буй XXXIII зуны олимпын наадмаас Монгол Улсдаа олимпын 31 дэх медаль, жүдочдоос 12 дахь олимпын медалийг Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ, Дэлхийн аварга Б.Баасанхүү авчирсан билээ.
Тэгвэл Б.Баасанхүү тэргүүтэй жүдо бөхийн тамирчид өнөө өглөө 05:00 орчимд эх орондоо ирлээ. Б.Баасанхүүгийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Алтан медалийн төлөө барилдаж байгаа тухайн үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Бэлдэж байсан бүх зүйлээ Парисын дэмжээнд гаргаж барилдсан. Харин финалын барилдаанд бэлдсэн юм аа хараахан 100 хувь хийж чадаагүй. Бүх тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн баг хамт олон болон багш нартаа баярлалаа.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч финалын барилдаан дээр Японы бөх Нацүми Цүнодо байсан. Эндээс явахдаа ч тэр хүнтэй медалийн төлөө барилдана гэж төлөвлөж явсан.
-Сэтгэлзүйч, хоолзүйч нарынхаа талаар мэдээлэл өгөөч?
-Бид нар он гарснаас хойш сэтгэлзүйч, хоолзүйчтэй ажилласан. Харин олимпод явахдаа сэтгэлзүйч, хоолзүйчтэй яваагүй. Сэтгэлзүйчтэйгээ уулзахаар бол онлайнаар шууд холбогдоод уулзчихдаг байсан.
-Таны ойрын хугацаанд төлөвлөж байгаа юм юу байна вэ?
-Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл байхгүй байна.
-Бэлтгэлээ хэрхэн, яаж хангаж байсан бэ?
-Бид медаль авсан ч, аваагүй ч бид өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Өдөр бүр хийх ёстой юм аа хийгээд бэлтгэлээ үргэлжлүүлдэг байсан. Дөрөвдүгээр сараас эхлээд медаль авч эхэлсэн. Улсын аваргаас хойш гэсэн үг.
-Парисын олимпын давуу талыг юу гэж харж байна?
-Олимп гоё болж байна лээ. Хотхондоо олон орны тамирчидтай хамт байсандаа маш их баярлаж байгаа. Эв нэгдлийн тэмцээн болохоор бүгд их нөхөрсөг байсан. Мөн Монголынхоо үлдсэн тамирчдад амжилт хүсье. Мөнгөн медаль маань булган сүүлтэй байг ээ.
-Таны найз залуу таныг барилдаж байхад их дэмжиж байсан шүү дээ. Энэ талаар?
-Намайг явсны дараа араас ирсэн. Явна гэж төлөвлөөгүй байж байгаад гэнэт тэмцээн дээр ирж дэмжсэн. Ирснийг нь тэмцээний өмнөх өдөр мэдсэн.
-Гэр бүлийнх нь хүн үзэгчдийн суудал дээрээс үзээд сууж байна гэхээр сандарсан уу?
-Барилдааны үеэр сандрал гайгүй байсан. Яг гарах гэж байхад орилж байгаа нь чанга сонсогдсон. Хүн чинь сонсох хүнээ сонсдог гэдэг шиг тэр олон хүн дундаас сайн сонсогдсон.