МАН зүүн бүсэд Ж.Бат-Эрдэнэ, Ч.Улаан нарыг менежерээр томилсон уу

МАН зүүн бүсэд Ж.Бат-Эрдэнэ, Ч.Улаан нарыг менежерээр томилсон уу

 

Намууд мөрийн хөтөлбөрөө батлан аудитын газарт хүргүүлсэн. Тэнд хянаж, шүүсийг шахах хүртэл тодорхой хугацаа бий. Энэ хооронд горилогчдын хүслийг мухарлаж, нэр дэвшигчдийн санал авах хийгээд манлайлах чадвар, итгэл найдварыг дэнслэх ажлууд улс төрийн намын дотоодод үргэлжилнэ. Одоо ч энэ асуудал хөшигний цаана ид өрнөж байгаа. Төрийн ордны булан тохойд цугласан хүмүүс сонгуулийн тухай буу халж, тамхины цэгт хэн хаана нэр дэвших тухай таамаг хэлэлцэж, улс төрийн сэдэвтэй янз бүрийн мэдээлэл түгж байна. Энэ удаагийн сонгууль томсгосон тойрог, холимог тогтолцоогоор явагдахаараа онцлогтой. Аймгуудыг бүсчилсэн. Тэрхүү том тойрогт нэр дэвшигчид хуучин шиг ганц нэгээрээ сурталчилгаа хийж хатираад нэмэргүй. Багийн тоглолт хийнэ гэсэн зарчмыг улс төрийн намууд тавьж буй.

Тэгвэл багийг хэн удирдаж явах вэ буюу тухайн бүсийн сонгуулийн менежер хэн байх вэ гэдэг намуудын толгойны өвчин болжээ. Ерөнхийдөө эртний монголчууд хол замд жин тээхэд хашир туршлагатай нэгнийг ахлагчаар томилогдог байсантай л агаар нэг. Нэг намаас тухайн бүсэд нэр дэвшиж буй 7-8 нэр дэвшигчийг хөтөлж, хөглөж, явах хүн хэн байх вэ. Тэгэхээр аль нам хэнийгээ тийш томилох нь сонирхолтой. Аль эсвэл аймаг бүрт өөр менежер тавих уу. Ерөнхий менежер гэж нэг хүнд атгуулах уу гэдэг нь одоо хүртэл тодорхой бус байна. Ер нь бол тухайн бүс нутгийн онцлог, ард түмний санаа бодол, хүсэл сонирхол, шашин шүтлэг, улс төрийн идэвх гээд маш олон талын судалгааг гартаа оруулсан, улс төрийн мэдрэмжтэй нэгэн байх учиртай болов уу.

Ойрын өдрүүдэд МАН-ын багийг зүүн бүсэд хөтөлж “уралдах” менежерийн сураг чих дэлсэв. Хэд хэдэн эрхмийн нэр ч дуулдав. Тэр дотроос улс төрийн хүрээнийхний чихийг хамгийн их дэлдийлгэсэн нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах, ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ МАН-ын зүүн бүсийн сонгуулийн менежерээр ажиллахаар болжээ гэсэн мэдээлэл. Түүнийг өнгөрсөн жилүүдэд “Хөгжлийн банк”-ны нэг хэрэгт АТГ-аас 48 цаг саатуулан шалгаж байгаад улмаар Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгийг авлигад авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татлаа, нэг сар цагдан хорилоо гэх мэдээллүүд гарч байв. Түүнийг хуулийн байгууллагууд шалгаж дуусаад гэм буруугүйг тогтоосон тул оны өмнөхөн буюу 2023 оны арванхоёрдугаар сарын дундуур Ардын намын гишүүнчлэл, Бага хурлын гишүүн зэрэг эрхийг нь сэргээсэн гэж мэдээлсэн. Уг нь түүний хувьд зүүн бүсэд нэр дэвшиж гэмээ нь зоолттой нэг суудал авчрах улстөрч гэлцдэг. Гэвч энэ удаа олон нийтийн чихийг дэлдийлгэж буй мэдээлэл үнэн байх аваас нам түүнд МАН-ын багийг хөтөлж, зүүн бүсэд ялуулах том ачаа, үүрэг хариуцлага ногдуулж буй бололтой. Харин бүсийн ерөнхий менежерээр ажиллах юм уу, зөвхөн Сүхбаатар аймагт ажиллах “мини” менежер байх, эсэх тухайд бүрхэг байна. Мөн МАН-ын багийг зүүн бүсэд хөтөлж орох “сүргийн манлай” нь Сүхбаатар аймгаас 5-6 удаа УИХ-д сонгогдсон дархан төрийн түшээ, гишүүнээр сонгогдох бүртээ Сангийн сайдын албыг давхар хашиж байсан Ч.Улаан, түүнтэй хөтлөлцөн Сүхбаатарчуудыг УИХ-д төлөөл хэдэнтээ улиран сонгогдож ирсэн Замын Буд хэмээн олноо нэршсэн УИХ-ын гишүүн асан Р.Будын нэр сонсогдож буй. Түүнчлэн менежерээр ажиллах гэж буй, зарим нь сонгуулийн менежерээр ажиллаж байсан турш­лагатай цэрэг, цагдаагийн байгуул­лагад ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан хэд хэдэн “нууц ноёнтон” байгаа гэлцэнэ.

2024 оны УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг нэг бүс болгон бүсчилсэн. Албан ёсоор бол УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрог хэмээн баталсан. УИХ-д Хэнтий аймаг гурав, Дорнод аймаг хоёр, Сүхбаатар аймаг хоёр мандаттай.

2020 оны сонгуулийн үр дүнгээр Хэнтий аймгаас МАН, Дорнодоос МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулж гарч ирсэн. Хэнтий аймгийг УИХ-д  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар төлөөлж байсан бол. У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Төрийн тэргүүнээр сонгогдсоноор нөхөн сонгуульд Ц.Идэрбат Хэнтий аймгаас УИХ-ын гишүүн болсон юм. Дорнод аймгийн иргэдийг Х.Болорчулуун, П.Сэргэлэн нар УИХ-д төлөөлж буй. Харин Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшсэн Ж.Батсуурь, Н.Ганибал нар УИХ-д иргэдийг төлөөлж байгаа юм.

Тэгвэл бүсчилсэн тойрог, холимог тогтолцоогоор явуулах энэ удаагийн сонгуульд Зүүн бүсэд МАН-аас УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нарыг дахин нэр дэвшүүлэхээр баталсан, хамт явах нэр дэвшигчийг хараахан тодруулаагүй. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн намын даргаасаа эрхээ аль эрт авчихсан бол Х.Болорчулуун дахин нэр дэвших бололтой. Сүхбаатар аймагт  тус  аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар мандатаа өвөртөлсөн гэлцэж буй.

 

https://news.zindaa.mn/4txg

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen