Бүсчилсэн тойрогт сонгогч, сонгогдогчдын тэгш эрх хангагдсан уу?

Бүсчилсэн тойрогт сонгогч, сонгогдогчдын тэгш эрх хангагдсан уу?

 

Жижиг намууд, бие даагчид, залууст халгаатай бүсчлэл

УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор явуулахаар болсон нь сонгуулийн өнгө ямар байх талаарх олон таамгийг ургуулаад байна. Юуны өмнө сонгуульд нэр дэвшихээр горилогчид гурван жилийн турш усалж, тордож, эргэж тойрч байсан тойргоосоо хамаагүй хальж тэлсэн их газар нутагт сурталчилгаа явуулахаар болов. Тухайлбал, ганц Говь-Алтайг эргэж тойрч байсан нөхөр одоо Завхан, Увс, Ховдод өөрийгөө таниулахаар мордох хэрэгтэй болсон. Мөнөөх “танил бус” аймгуудын сонгогчид үнэхээр сайн улстөрч, эсвэл нийтэд танигдсан эрхэм л биш бол өөрийн аймгаас нэр дэвших нөхөрт илүү талтай хандана уу гэхээс гаднаас танилцахаар ирж буй “харь” хүнд сурталчилгааны 18-хан хоног дотор нүүр өгөх нь юу л бол.

Тиймээс л явж үзээгүй газар, уулзаж үзээгүй хүмүүс рүүгээ илүү хүч тавин танигдах ажилд шамдаж эхэлсэн хүн цөөнгүй дуулдана. Нэг их удалгүй цагаан сар болно. Сар шинийн баяраар улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний тариаланч болсон айл өрх, хувь хүнд шагнал гардуулах Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийг даган очиж ганц нэг газарт ч болов нүүрээ харуулах гэсэн “дараалал” ч үүссэн сурагтай. Угаасаа сурсан зангаараа нэг намын нэр дэвшигчид ч хувийн эрх ашгаа урдаа тавьж өөр хоорондоо өрсөлддөг байдал энэ удаад давтагдах нь гарцаагүй. Уг нь дөрөө харшуулж, зуузай холбож явбал зардал мөнгө хэмнэхээс эхлээд тустай л байх.

Нэгэнт бэлчээр нь томорч, явах газар алсарсан учраас дарга, нэр, туг, тамгаас хэтэрдэггүй жижиг намууд нийслэлийн дангаараа тойрог болсон дүүрэгт л аз таарч магадгүй гэхээс гурав, дөрвөөрөө нэг тойрог болон нийлсэн аймгуудад “шонгүй” гэгч нь болж таарна. Тэгэхээр мөнөөх л МАН, АН гэсэн хоёр намын төлөөлөл УИХ-д түлхүү орж ирэх нь гарцаагүй. АН дотроо эвээ бэхлэхгүй бол мөнөөх л МАН олонх болж гарч ирэх магадлал өндөр бий.

Бие даагчдын хувьд хэцүү. Хөрөнгө мөнгө, унаа тээвэр, дэмжигчдээс эхлээд бүх талаараа улс төрийн намаас нэр дэвшигчидтэй өрсөлдөхөд бяд дутах учир нийслэл хотоос л ганц хоёрхон гарч ирэх горьдлого байна. Цоо шинээр нэр дэвших залууст мөн л халгаатай. Тэдэнд тэр том бүс нутагт танигдах боломж аль ч талаараа бараг үгүй учраас бас л нийслэл хавиас ганц нэг суудал олдож мэдэх юм. Эмэгтэй нэр дэвшигчдэд ч бүсчилсэн тойрог халгаатай учир Улаанбаатар л ээлтэй нь тодорхой.

Энэ бүхнээс аваад үзэхэд бүсчилсэн тойрогт нэр дэвшигчдийн хувьд залуус, эмэгтэйчүүд, бие даагчид, жижиг намын төлөөлөл нийслэлд хавиар өрсөлдсөн нь өлзийтэй болов уу даа. Энэ удаагийн сонгууль холимог хувилбараар явах учир хувь тэнцүүлсэн журмаар намуудын жагсаалтад багтсан залуус, эмэгтэйчүүд УИХ-д гарч ирнэ. Аз нь таарвал жижиг намын төлөөллөөс ганц хоёр хүн гарна. Бие даагчид нийслэл хотын дангаараа тойрог болсон дүүргээс гарах боломж хомс боловч горьдлого бий.

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн хувьд холимог тогтолцоогоор явах сонгуулийн тойрогт хувь хүнийг сонгох системээр бус, намын төлөөллийг хувь тэнцүүлэх журмаар сонгох пропорциональ системээр саналаа өгөх биз ээ.

 

Баян-Өлгийгөөс олон ястны хийгээд эмэгтэйчүүдийн төлөөлөл гарахгүй

 

Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгон үлдээсний гол агуулга нь казах үндэсний төлөөллөө өмнөх тоог нь бууруулалгүйгээр парламентад хадгалах явдал. Энэ ч байх ёстой зүйл. Гэхдээ үүний цаана нэг доголдол бий. Тус аймгаас өмнөх найман удаагийн УИХ-ын сонгуулиар казах бус үндэс угсааны гишүүн сонгогдож байсангүй.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн урианхай, дөрвөд, тува зэрэг ястны төлөөлөл өөрийн аймгаасаа сонгогдон парламентад сууж байгаагүй. Тэдэнд төрд төлөөллөө суулгах сонирхол, өөрийн гэх эрх ашиг байж л таарна. Наад зах нь Тува хүүхдүүдийн төрөлх хэл дээрх сурах бичгээс өгсүүлээд тулгамдсан асуудал дуулдаж л байдаг шүү дээ. Эмэгтэй нэр дэвшигч мэр сэр очиж өрсөлдөж байсан боловч тэдэнд сонгогдох боломж Баян-Өлгийд угаасаа байхгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймд улс төрийн намууд квот дотроо тэднээс багтааж, жагсаалтын дээгүүрхэн оруулж өгвөл түүхэндээ УИХ-д сууж үзээгүй алс баруун хязгаарын тэдгээр бүлгийн төлөөлөл пропорциональ системээр парламентад гарч ирж болох юм. Энд зөвхөн Баян-Өлгий аймгийг хэлж байгаа юм шүү.

 

Нэр дэвшигчдийн хооронд “гал гарна”

 

Жижигсгэсэн тойрогт мажоритар системээр санал хураалт явуулж байхад сонгогчид сонголт тааруу хэмээн гомдоллодог, нэрсийн жагсаалтаас арай дөнгүүр болов уу гэсэн нэгийг нь хүссэн ч, хүсээгүй ч дугуйлж л таардаг гэсэн гомдол ихээхэн дуулддаг байв. Одоо бүсчилсэн тойргоор сонгууль явуулахад нэг тойрогт наймаас доошгүй мандат дээр дор хаяж 40 гаруй горилогч өрсөлдөх тул нэр дэвшигчдийн хооронд жинхэнэ утгаараа “гал гарах” нь. Намдаа суудал авахын тулд нэг улс төрийн хүчнийхэн хоорондоо өрсөлдөх бус, нэг баг болж бүсчилсэн тойргоороо тойрвол үр дүнтэй учир өрсөлдөгч талын горилогчидтой гал маналзуулна гэсэн үг. Салхи хагалах буюу түрүүлж сонгогчидтой уулзаж давуу талаа сурталчлах, “баллуурдах” буюу сонгогчидтой уулзалт хийгээд мордсон өрсөлдөгч талын горилогчдын мөрийг даран очиж, ярьсан хэлснийг нь үгүйсгэх, зуузай холбон сонгогчид дээр бууж мэтгэлцэх гээд олон янзын тактикийг тэд хэрэглэх нь лавтай.

Нисдэг тэрэг олж хөлсөлж чадсан нь илүү олон газарт “тугаа зоож”, унаа унаш муутай нь сонгогч олонтой газрыг ойлдож цойлдон онилж, олонд хүрэх боломжийн хувьд хүртээмжээсээ хамаарч алаг цоог л байх нь. Тэгэхээр найдвартай сошиал баг л тэдний итгэлт тулгуур болох нь лав. Угаасаа ч дэлхий нийтээрээ сошиалд тулгуурласан сонгууль хийдэг болж байх шив.

Тухайн жалга довноосоо олон удаа сонгогдож улиг болсон эрхмүүдээс бүсчилсэн тойргийн ачаар салах боломж бий хэмээн үзэх хэсэг байвч хэрэг дээрээ мөнөөх хэд л түмэнд танигдсан нүүрээрээ харин ч эргээд Төрийн ордонд заларч мэдэх вий. Сонгогчид ч “Хүний хуучин, дээлийн шинэ” гэгчээр хууччуулдаа ховсдуулчихаад тангараг өргөх ёслол дээр “Энэ яагаад буцаад гараад ирэв” хэмээн гайхаж сууж ч магад. Тиймээс л мэргэн сонгогчид хэрсүүхэн хандахгүй бол үзэгний үзүүр улиг болсон хэдийн нэрийг тойруулж, парламент шинэ цусаар сэлбэгдэх бүү хэл, дахиад архагууд голдуу төртэй болчихоод тэнгэрээс нөгөөдүүл нь буугаад ирсэн мэт дахин дөрвөн жил гасалж мэдэх л байх.

 

Төсвийн хөрөнгө жалга дов руу урсах нь багасна

 

Бүсчилсэн том тойрогт нэг давуу тал байна. Тэр нь улсын төвлөрсөн төсвийн зарцуулалт. Жижиг мажоритар системээр сонгуульдаж байх үед улсын төсөв хэлэлцэх цагаар “Дамбын өвөлжөө рүү сайжруулсан зам”, “Арван хүүхэдтэй багийн сургуулийн шинэ барилга”, “Галдангийн суурь тийш цахилгааны шугам” гэх нь халаг төсвийн хуваарилалт хийдэг байлаа. Томсгосон мажоритарын үед ч ялгаагүй. Өөр өөрийн сонгогдсон аймаг руу илүү төсөв татах хэмээн улайрна.

Харин тойргийг бүсчлээд ирэхээр арай илүү өргөнөөр байдлыг харж, үнэхээр бүсийн хэмжээнд хэрэгтэй томоохон төслүүд рүү хөрөнгө оруулалт татахаар ажиллах байх хэмээн найдаж буй.

Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэхэд ч энэ байдал нэмэр болно. Харин яг бүсчилсэн хөгжлөөр аймгуудаа нэгтгэхдээ хүрвэл Баян-Өлгийг сондгойруулалгүйгээр баруун хэдэн аймагтай нь нийлүүлэх биз дээ.

 

“Царцааны нүүдэл”-д өөрчлөлт орох уу?

 

Сонгууль болгоны үеэр хөндөгддөг нэг асуудал нь шилжүүлгээр санал өгөгчид. “Царцааны нүүдэл” хэмээх егөө нэртэй. Хэдийгээр Сонгуулийн хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хаадаг номтой ч яаж ийгээд л хэсэг бүлэг хүнийг шилжүүлж аваачин өөрийн сонгогдоход хүндрэлтэй байршлуудад “тараан байрлуулдаг” муу зуршил үеийн үед гарч ирсэн. Шилжин очигчид цаасан шилжүүлэг бариад очих нь бий ч онлайн шилжилтээр ихэнхийг бүрдүүлдэг болчихсон юм билээ. Санал хураалтын байрууд сурталчилгааны өдрүүдэд огт хөдөлгөөнгүй мэт харагддаг ч яг сонгуулийн өглөө баахан шилжүүлэг барьсан хүмүүс эгнээд зогсчихсон харагддаг байдал орон нутагт түлхүү ажиглагддаг.

Энэ удаагийн бүсчилсэн тойргоор өөрийг нь таньж мэдэхгүй, сонгохгүй байх магадлал өндөр аймаг, сумдад “царцаа” нүүлгэх ажилд гаршсан нөхөд шамдах нь лавтай. Мэдээж “царцаанууд” мөнгөөр тэр ажлыг хийнэ. Тухайн аймгийн харьяат нөхдийг “өөрт дагаар” оруулан мөнгөөр тойлж, нутаг руу нь “нүүлгэх” стратегийн бэлтгэл ажил ерөнхийдөө тун удахгүй эхлэх вий. Тойрог хавиар ийм нэг үзэгдэл гарах төлөвтэй.

 

Ээ дээ, энэ хүүхнүүд үү

 

“Энэ хүүхнүүд үү” киноны үйл явдал 60 гаруй жилийн дараа энэ удаагийн бүсчилсэн сонгууль дээр давтагдах нь дээ. Намын жагсаалтад эрчүүд, бүсгүйчүүдийг сөөлжүүлж бичнэ хэмээсний улмаас бүсгүйчүүдэд тийм ч таатай бус хандаж, намын бүрэлдэхүүнээ харчуудаар голдуу бүрдүүлсэн улс төрийн жижиг намууд “Ээ дээ, энэ хүүхнүүд үү, ингэж нэг хэрэг болдог цаг ирэх гэж” хэмээн шингэн дуутын эрэлд мордоцгоож буйг манай сонин өмнө нь өгүүлсэн. УИХ-д намынхаа жагсаалтаар оруулчихаж болохуйц эрдэм чадалтай, боловсрол өндөртэй, болж өгвөл олонд танигдсан, нэртэй зүстэй бүсгүйчүүдийн эрэлд тэд хатаж, наана цаана болж яваа дуулдана. Бүсгүйчүүдийг даапаалж шоглодгоороо цуутай Буянгийн хэмээх Б.Жаргалсайхан хүртэл “Шингэн дуут”-ын эрэлд гарч ийш тийш утас цохиж яваа дуулдсан. Энэ далимаар улс төрийн намуудын жендэрийн бүтэц сайжрах юм биз дээ.

Намуудын нэрээр хэр их санал цугларна, тэр хэрээр УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэнэ гэсэн нэг хүлээлт эндээс харагдаж байна. Учир нь дээр хэлсэнээр нэрсийг жагсаалтад эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлж бичихээр болсон.

Мажоритар, пропорциональ системийг хослуулж, бүсчилж томсгосон тойргийн хүрээнд өрнөх гэж буй сонгуулийн үйл явдал, сонгогч, сонгогдогчдын тэгш эрх хангагдсан эсэх талаар энэ удаа өгүүлэхэд ийм. Сонгуулийн чимээ өнөөхөндөө алсхан байгаа учир олон л өнгө хойшдоо хоршин тодрох биз ээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen