Атаархуу Аглуу цуврал рекламаа бас л хулгайлжээ
/Зохиолчийн “Цагийн өнгө” туужийг тус хамтлаг хулгайлан “Базарваань” кино контент хийсэн нь дөнгөж мөсөн уулын орой нь байжээ/
“Х ТҮЦ” ХХК-ийн захирал Н.Онон, хувь эзэмшигч И.Одончимэг, “Аглуу энтертаймэнт”-ийн эзэн Л.Баттулга нар бүлэглэн Төрийн шагналт, СГЗ нэрт зохиолч Ц.Доржготовын хэд хэдэн өгүүллэг, туужийг хулгайлан тайз болон дэлгэцийн контент хийсэн үйлдэл нийгмийн дургүйцлийг төрүүлсэн. Уг нь Оюуны Өмчийн газарт иймэрхүү зохиогчийн эрхийг зөрчсөн маргааныг дор нь шийдвэрлэдэг.
Гэвч жүжигчин Н.Онон, И.Одончимэг, Л.Баттулга нарт холбогдох оюуны өмчийн хулгайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, санаатайгаар олон удаагийн үйлдэл, их хэмжээний хохирол байгаа тул цагдаад хандах үндэслэлтэй болжээ. Прокуророос ч гэсэн яг ийм албан тоот бичгийг ирүүлжээ. Оюуны өмчийн цуврал хулгайн гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шууд хэрэг бүртгэл нээсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Х ТҮЦ” хамтлаг нь зохиолч Ц.Доржготовын дөрвөн зохиолыг зөвшөөрөлгүй өөрсдийн бүтээл мэтээр тайз болон кино контент хийсэн. Харин “Аглуу энтертаймэнт”-ийн хувьд нэрт зохиолчийн хоёр бүтээлээр хоёр контент хийсэн хэрэгт шалгагдаж байгаа аж. Уг зохиолууд нь эхнээсээ аваад утга санаа, логик дараалал, дүрүүд болон дүрүүдийн нэрийг эх бүтээлээс хуулбарлан авсан байна. Нэрт зохиолч Ц.Доржготовын бүтээлийг бичиг үсэг нь тайлагдсан хэн ч уншаад дараа нь “Х ТҮЦ”-ийн хулгайлсан бүтээлийг үзэхэд маргах зүйлгүй тодорхой аж.
Зохиолчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ тухай асуухад “Цагдаагийн хэлтэст бид гомдол гаргасан нь үнэн. “Цагийн өнгө” гэдэг туужийг хулгайлсан нь Х ТҮЦ-ийн хувьд дөнгөж мөсөн уулын орой нь. Энэ тав, зургаан зохиолын маргаанаар дуусахгүй. “Х ТҮЦ” хамтлаг аавын минь зохиолоос хулгайлсан бол ахиад хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн юм. Зохиолч Ц.Доржготов гуайн хувьд сор болсон олон зохиолыг нь зөвшөөрөлгүй ашиглаж, үнэт үзэл санааг нь гуйвуулж, мөнгө олох марзагнал болгон тоглосон явдалд асар их гомдолтой байгаа аж. Үүнээс гадна зохиолчийн ар гэр, өмгөөлөгч, Монголын Зохиолчдын эвлэл, утга зохиолын чадварлаг шүүмж судлаачид хамтран хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна. “Х ТҮЦ”-ийн хувьд өмнө нь Хятадын зохиолч Wang Heng Ji “Солиот эх” өгүүллэгийг УСК болгож байсан. Ингэхдээ тус хамтлагийн эзэд “Бид Хятад зохиолчоос зохиогчийн эрхийг нь авсан. Эх зохиолд нь мөнгө хүртэл төлсөн” хэмээн сайрхдаг. Гэтэл Монголын сор болсон, наян насыг давсан зохиолч Ц.Доржготов гуайгаас яагаад зөвшөөрөл аваагүй вэ? Зохиогчийн эрх, зөвшөөрлийг яаж авдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байж. Иймээс санамсаргүй бус санаатай үйлдэгдсэн оюуны өмчийн цуврал хулгайн гэмт хэрэг мөн гэж үзжээ.
https://erennews.mn/article/63893