Василис Фрагкиас дасгалжуулагч Т.Санчирыг шигшээд хүссэнгүй юу?
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.
Шигшээ багийн тамирчид ч хэдийнэ бэлтгэлдээ гарсан. Грек мэргэжилтэн Василис Фрагкиасын удирдлага дор Б.Билгүүн, А.Тэмүүжин, А.Ананд, О.Энхбаатар тэргүүтэй 14 тамирчин бэлтгэлээ хангаж байна. Гэхдээ Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн тэргүүтэй туршлагатай тоглогчдыг бэлтгэлд дуудаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандаж буй.
Шигшээ багийн тамирчдыг 100 хувь дасгалжуулагчид сонгоно.
Шигшээ багийн бэлтгэлд Японоос Х.Оргил, О.Тулга нар хүрэлцэн ирж, хамрагдаж байна. Харин Тайваниас Д.Баясгалан, Э.Сугар-Очир, АНУ-аас Ш.Энхийн-Од нар дотоодын тоглолттой учир ирж чадсангүй.
Өнөөдрийн байдлаар нийт 14 тамирчин шигшээгийн бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд 12 нь үндсэн багт багтана.
Шигшээ багт чухал үүрэгтэй гэгдэж байсан Э.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болж байна. Харин Т.Санчирын тухайд Василис Фрагкиас дасгалжуулагчтай таарамжгүй харьцаатай гэж сагсан бөмбөг сонирхогчид хардаж буй. Учир нь улирлын дундуур Т.Санчир Василис Фрагкиасын удирддаг Эрдэнэтийн Уурхайчид багаас явж, Налайх Бизонтой нэгдсэн билээ.
https://news.mn/r/2703233/