Наадмын дурсамж буюу Хадаа аварга
"Зодог бүсэлсэн жаал”
Дээлээ уралцан ноцолдож өсөөгүй монгол эр
хүн гэж хаа байх билээ. Тэр тусмаа хөдөө нутгийн хүүхдүүд бид ёстой л дээл, гутлын аранга явлаа. Тэр үед яггүй чанартай гэгддэг байсан, одоо ч яс чанараа алдаагүй орос бакиалыг долоо хоногт зулгийг нь эргүүлж, өмссөн дээлийнхээ суга, ханцуйг өдөрт хэд хүү татаж явсан бага насны дурсамж сэтгэлд тун тодхон. Нэг зун манайх сүүн тасагт зуссан юм. Сүүн тасгийн айлууд гэж 20-иод гэр сэргэлэн сайхан дэнжид ярайтал буугаад үхэр тугал багширч, хүүхэд хүүхнүүд саалийн цагаар дуу хадаагаад л. Оройдоо ялаа батгана үргээх гэж тавьсан аргалын май цэнхэртэн суунаглаж байдагсан. Сүүн тасгийн хүүхдүүд бид орой саалийн дараа ойролцоохь голын ширэг зүлгэн дээр цугларан барилдаж гарна. Наадам дөхсөн үеийг ч хэлэх үү. Өвгөд настангууд гэрийн сүүдэрт тухлангаа энэ жилийн наадмын түрүү бөх, түмэн эхийн тухай таамаг уралдуулж, өнгөрсөн жилийн наадам сайхан болсон талаар хууч хөөрөхийг сонсч ирээд түүнийг нь амьдрал дээр хэрэгжүүлэх гэж дээлээ хүү татан ноцолддогсон. Нэг өдөр манай хөршийн Улаанаа гэдэг жаал "За өнөөдөр бүгдээрээ Хадаа аварга болж тоглоно шүү. Түрүүлсэн нь Хадаа аварга болно” гэлээ.
-Хадаа аварга гэж хэн бэ хэмээн биднийг асуухад
-Ёстой мундаг
аварга. Энэ жил яг түрүүлнэ дээ. Түрүүнд манай өвөө тэгэж байна лээ.
Гэхдээ Хадаа аварга чам шиг ийм чөргөр биш ээ гэснээ нусаа татан зогссон
намайг гэнэдүүлж байгаад дэгээдэж орхиж билээ. Тэр цагаас хойш олон
жилийн дараа хар багаасаа нэр сүрийг нь сонсон биширч байсан Хадаа
аваргыг төрийн наадмын зүлэг ногоон дэнжид эр бяраа гайхуулан барилдахыг
нь хараад гайхан биширч билээ. Хадаа хэмээх нэр монгол бөхийн дэвжээнд
хадаж, бяр хүчтэнүүдийн магнайд гялалзаж байсан тэр үеийг наадамчин олон
мартаагүй ээ. Хадаа хэмээх энэ бодь эр, халхын сайхан аваргын тухай
сэтгэлийн дурсамж өгүүлэх хүн олон бий. Жил жилийн наадмаар баярын
нулимс шиг асгараад ирдэг олон бөхчүүд дунд Хадаа аваргын бярын их орон
зай онгойж, тэр орон зайг ард түмэн нь дурсамжийн аялгуугаар нөхөн
байдаг. Хадаа аварга тэмдэглэл их хөтөлдөг байжээ. Бөх хүнийх гэхээргүй
нарийн, эмзэг мэдрэмж тээсэн түүний тэмдэглэлийн дэвтэр эзнийхээ тухай
ихийг өгүүлнэ.
Жишээ нь, Хадаа аварга бага насныхаа тухай "Манайхан намайг багад эвий ганц хүү минь гэж сүйд бололгүй эмнэг морь унуулдаг байсан. Би чинь гуравтайгаасаа морь унасан юм шүү дээ. Гуравтай байхдаа би зургаан настай юм шиг том биетэй тарган хүүхэд байсан. Жилд таваас найман килограмм нэмэгддэг байсан гээд бод доо. Бага сургуульд ангийнхаа хамгийн том биетэй нь байлаа. Хоёр хөл муутай, гахай гэдэг хочтой, хичээлдээ тийм ч сайнгүй, дунд сурдаг товарищ байсан юм” хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн олон олон наадмын тухай гэгээн дурсамжаа тэрбээр тэмдэглэж үлдээжээ. Анх удаа зодоглож үзсэн тухай болон улсын начин болсон тухайгаа бичсэн нь тун сонирхолтой. Ингээд Хадаа аваргын тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг хамтдаа эргүүлцгээе. 44 жилийн өмнөх тэр нэгэн наадмын тухай дурсамж та бидний сэтгэлд гэнэн хүүхэд төрхтэй, эгэл гүндүүгүй, хээ шаагүй нэгэн бодь эрийн дүрийг тодруулж байна. Тэрбээр Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэнчлэн үнэхээр л "Зовлон жаргалын тоглоом, зодог бүсэлсэн жаал” явж, хүний бүгээн хорвоог хүүхэд чигээрээ туулжээ.
Хөнгөний тамирчин улсын цол хүртсэн нь
1970 онд
цэрэгт татагдаад "Алдар” нийгэмлэгт тамирчнаар хуваарилагдсан юм. Би
хөнгөн атлетикийн тамирчин байсан боловч орой үдэш бөхийн цэргүүдтэй их
барилддаг байлаа. 1971 оны зургаадугаар сарын 1-нд нийгэмлэгийн зуны
ажиллагааны нээлт болж би гол үүдэнд зогсч билет таслан хүмүүсийг оруулж
байлаа. Орсон хүн бүхэн намайг "Барилддаг уу” гэхэд нь "Үгүй” гэнэ.
Гэтэл Даш багш явж харагдлаа. Би түүн рүү гүйж очоод "Нөхөр дэд
хурандаа. Байлдагч би барилдахыг хүсч байна, болох уу” гэсэн чинь багш
намайг дагуулан бөхийн шүүгч дээр очоод "013 дугаар ангийн залуу бөх
Хадбаатар гээд биччих” гэлээ.
Ингээд нэгийн даваанд улсын заан Адъяаг, хоёрын даваанд улсын заан Барамсайг хаяад гурвын даваанд улсын аварга Баянмөнхөд уналаа. Нэг, хоёрын даваанд зодог шуудаггүй цэрэг хувцастайгаа, гурвын даваанд далбаа өмсөөд цэрэг өмдтэйгөө барилдсан юм. Тэгэхэд би 180 сантиметр өндөр, 110 килограмм жинтэй байлаа.
1972 оны долоодугаар сарын 10-нд би зээрэнцэгийг 47 метр 29 сантиметр шидэж спортын мастер боллоо. Долоодугаар сарын 11-ний өдөр бөөрөнцөгийг 13 метр 92 сантиметр түлхэж, улсын рекорд амжилт тогтоолоо. Тэгээд би улсын наадамд барилдъя гэв ээ. Гэтэл хөнгөн атлетикийн багш нар "Өнөө маргаашгүй олон улсын тэмцээн эхэлнэ. Чи бэртэнэ, барилдаж болохгүй” гэлээ. Харин Дорж генерал "Би ганц цэргийн толгой мэдэхгүй юм бол армийн генерал гэж яваад юу хийх юм” гэсэн юм. Би цэргийн хүн, сайдынхаа тушаалыг биелүүлнэ гээд л зүтгээд байлаа. Тэгсэн багш нар "За чи гараад уначихаад ирээрэй, за юу” гэлээ. Би ч "За” гээд гарлаа. Нэгийн даваанд Архангайн Балсан гэдэг намхан цагаан хүнтэй барилдсан чинь хайнцав бололтой. Би унаагүй гэж бодлоо. Балсан арслан ч би унаагүй гэж зүтгэлээ. Хоёулаа хэрэлдлээ. Гэтэл засуул хөлийн цэц рүү гүйж одлоо. Сайд засуул руу хандаад над руу заагаад "Наад хоёроо дахин барилдуул” гэлээ шүү. Бид хоёр чи, би-дээ хүрээд уур хүрснийг ч хэлэх үү. Балсан арсланг давуулж бариад зүгээр л юм гүвж байгаа юм шиг газар гуядаж хаялаа. Нэг давчихаад багш нар дээрээ иртэл "Чи дуртайдаа л ахиж барилдлаа шүү дээ. Нөгөө унах чинь яасан бэ” гээд загнаж гарлаа. "Би одоо барилдахгүй ээ” гээд нэг удаа аргаллаа.
Хоёрын даваа эхэллээ. Нэрээ чагнасан чинь гардаггүй шүү. Гурвын даваа эхэллээ. Намайг хассан юм болов уу гээд Цэдэв гуай, Батцэнгэл гуай нараас асуусанд "Гоц мөргөсөөн” гэж байна. Би учрыг нь олсонгүй ээ. Тэгээд хүнээс асуулаа. Тэгсэн "Гоцоо мэдэхгүй байж бас бөх гээд байгаа юм шүү” гээд инээлдэж байна аа. Учир нь сондгойрсон бөх хий давж гоц мөргөдөг юм гэнэ ээ. Би өөрийгөө яагаад гоц мөргөснийг ойлгосонгүй. Энэ тухай ч бодсонгүй. "Гурвын даваанд намайг хэн ч авсан яахав дээ, багш нар загнаад болохгүй юм. Том цолтой л бөх аваасай билээ” гээд ёстой тоосонгүй. Улаан ус, хуушуур эргүүлж яваад ирсэн чинь "013 дугаар ангийн Хадбаатар гараарай” гээд нэг засуул ирлээ. Өмнөговь аймгийн арслан Бямбаа гэдэг хүнтэй барилдана гэлээ. "За за, хэнтэй ч барилдсан яахав. Багш нар барилдлаа гээд загнаад байгаа болохоор унаад өгье дөө” гэж бодлоо. Намайг амласан хүн гэтэл хэд хоногийн өмнө намайг дуугүй болтол хаядаг хүн байна аа. Миний өмнө ирээд инээгээд зогсдог юм байна. Уур хүрч байна гэж жигтэйхэн. Бид хоёр хав дөрвөлжин золголоо. Би шуудагдаж өргөөд нүүрээр нь тавьчихлаа. Тэгээд төрийнхөө тугийг тойрлоо. "Аймгийн арслан Мижиддоржид хэлэх үгтэй боллоо” гэж бодож явлаа. Мижээ надад "Чамайг бодвол би төрийнхөө наадамд төрийнхөө тугийг гурав тойрсон хүн юм шүү. Чи дуугүй л яваад ир” гэж гурвын даваанд гарахад ханхалзаж байсан юм.
Ингээд гурав даваад иртэл манай багш нар загнаж байна аа. "За одоо
дөрвийн даваанд нь унахаас даа” гээд ундаа, ус хөөгөөд давхиж явлаа.
Дөрвийн даваанд ам авч байлаа. Намайг нэг хүн дуудаж байна. Яваад очлоо.
"Хөөе дүү хүү, ах чинь чамайг авлаа шүү. Ахын чинь бэлтгэл ханасан.
Заанаа ч батлах санаатай. Дүү хүү бууж өгөөрэй” гэлээ.
-Ах аа, үгүй
ээ. Би цэргийн хүн шүү дээ. Харин та надад бууж өгөхгүй юм уу гэсэн чинь
-Хн, тэгвэл үзнэ ээ хө гээд цааш эргээд явчихлаа. Энэ хүнийг хэн гэдэг
юм гэж асуулаа.
-Хатуу гарт Лхагвасүрэн гэдэг юм. Булган аймгийн хүн.
Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар зургаа давж улсын заан
болсон юм. Харцагадаж дайрахаас өөр мэхгүй хүн. Чи өрсч элэг бүснээс нь
бариад ав. Тэгвэл хаяж болно шүү гэлээ. Би ч за гээд гарлаа. Өрж байгаад
гэнэт ухасхийгээд бариад автал их цочоод бас ухасхийхээр нь дагуулаад
дүүгүүрдэж байгаа юм шиг эргүүллээ. Би мөн өөрийнхөө хөлийг өргөчихсөн
эргүүлж байгаад 7-8 дахь дээр нь дугтраад тавьчихсанд хоёр өвдөг нь
ногооны шүүс болчихсон босч ирээд
-За ахыг нь эргүүлж хаях нь байтугай надаас айдаг юм шүү. Миний дүү начин болоорой гээд үнсэхэд нь миний нүдийг нулимс бүрхээд ирлээ. Нулимстай чигээрээ туг тойрч ирээд багш нараасаа зугтаж бөхийн асарт орж нуугдлаа. "Тав давчих юмсан, хэн гэдэг хүн авах бол” гэж бодоод ам авч байгаа бөхчүүдийн яриаг чагнасаар л явлаа. Тэр үед бараг хоёр Мөнхөөс бусдыг нь танихгүй шахам байсан юм. Бөхчүүд болохоор монгол дээлтэй, хөрслөг бор улс. Миний хувьд гэвэл хөнгөн атлетикийн бэлтгэл хийгээд "Баянгол” зочид буудалд байрлаж байгаа тамирчин. Буудлаас биеийн тамирын хөх хувцастай ирж байгаа хүнийг хэн бөх гэж тоох вэ дээ. Ам авч байгаа бөхчүүдийн дунд өндөр биерхүү хүн "Би тэр цэргийн залууг авъя” гэтэл хажуунаас нь улаан дээлтэй, нүд нь хялар хөгшин "Од нь орсон хүүхдийг хэрэггүй ээ” гэсэнд тэрбээр Цэрэндашийг амлаж авлаа. Хажуу талаас нь харвал яг л шахсан бяслаг шиг дөрвөлжин цагаан хүн "Би авъя. Над дээр тавьчих” гээд яваад өглөө. Тэр хүн улсын арслан Чойжилсүрэн гуай юм байна. Бөхийн ам авсан байдлыг радиогоор зарлалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадамчид шуугилдаж байна. Зарим нь намайг давна, зарим нь намайг унана гэж байгаа бололтой. Миний дэргэд Пүрэвдорж гэдэг залуу хамт явлаа. Мөнхбат багшийн ахын хүү юм гэнэ лээ. Тэр надад яаж барилдахыг зааж байлаа. Нэгийн даваанд тэрээр Пүрэвдорж гэж гараад унасан. Дараа нь Пүрвээ гэж гараад бас унасан. Дараа нь Дорж гэж гараад гуравдахиа ойчсон хүн. Тэр миний зөвлөх. Лхагвасүрэн зааныг хаяхад надад зөвлөсөн хүн. Пүрэвдорж хэлж байна аа. "Чойжилсүрэн арслан барьцгүй хавсарч цохидог юм. Урьтаж элэг бүснийх нь барьцыг олж барь” гэлээ. Ингээд Чой арслан бид хоёр гарлаа. Би дотроо "За энэ хүнийг элгэн дороо хумьж дараад хаяна. Засуул татахаас нааш босохгүй юм шүү” гэж бодлоо. Өргөлөө... Цэрвэж байгаа ч юм шиг. Элэг бүснээс нь барьж автал тасхийгээд л явчихлаа. Би барьсан чигээрээ суун тусаад барьцаа алдалгүй босч, айж байснаа мартаад ачиж нэг үзээд, нохой мордох гэж ч нэг үзээд.
Зөндөө мэхэрхүү юм хийлээ. Би унагаж босгоод л, өөрөө уначих шахаад л, юу болсон юм бэ мэдэхгүй. Тэр үедээ би улайрчихсан юм билээ. Тэгээд би санаснаараа элгэн дороо хийж аваад хэвтээд байлаа. Засуул ирээд татаж босголоо. Миний хамраас цус гарч байна. Чойжилсүрэн арслан намайг үнсч тахимаа өгөөд цаашаа очсон хойноо "Би мангар Санжаа, улаан Эрдэнэ-Очир нарын бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юмсан. Сая чинь юутай барилдаж орхив оо. Би уналаа гээд л биеэ суллахаар нөгөө талдаа гаргаад л тавьчих юм. Хамаг ясыг минь тараачих шахлаа. Мөн ч аймшигтай бяртай юм” гэж ярьсан гэдэг. Би ингэж улсын их баяр наадамд тав давж БНМАУ-ын начин гэдэг эрхэм цолыг авлаа.
Г.САНЧИР /АРДЫН ЭРХ/