Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэнийг албадан гаргана
Монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, түүгээрээ тэднийг заналхийлж байсан, гадаадад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, худалдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Сингапурын иргэн 64 настай Лох Сиен Чи гэх хүнийг өнгөрсөн оны есдүгээр сард ЭЦА-ныхан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ.
Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10-1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Лох Сиен Чид холбогдох хэргийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм.
Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг Сингапурын иргэн болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хувийн байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэлэлцээд Лох Сиен Чийг суллахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сингапурын иргэнийг 15.4 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Үүнийгээ давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-5 дахь хэсэгт “60-аас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оноохгүй” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан” хэмээн тайлбарласан юм.
Мэдээж гадаадын энэ иргэний хэргийн хохирогч болсон монгол охид, бүсгүйчүүд бичлэг нь хэдийд цацагдах бол хэмээн эмээж буй биз.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн бол Монгол Улсаас албадан гаргахаар заасан байдаг.
Улсын дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, өмгөөлөгч нар гомдол гаргаж, түүнийг шийдвэрлэснийх нь дараа Сингапурын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: TAC.MN
|