О.Хангай: Монгол наадам маань маш их дарамтан дунд боллоо
Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын өмнө шинэчлэгдэж, энэ жилийн баяр наадмаас хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн талаар Улсын аварга О.Хангай өөрийн сошиал хуудсаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содонмдорж нарын барилдаан идэвхээр хасах дүрмээр шийдэгдсэн. Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, жинхэнэ монгол хүн гэдгээрээ бахархдаг, омогшдог, баяр цэнгэлийн дээд баяр. Идэвхээр хасдаг дүрэм орж ирснээр ард түмнийг нутаг усаар талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гарсныг та бид харсан. Давсан, унасан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд тиймхэн шийдвэр байлаа. Унасан бөхийн хувьд үнэн хүчийг үзэж барилдаад хаялцсан бол гэж бодогдож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болж байна. Өнгөрсөн 2022 оны наадмаар ч энэ дүрэм хэрэгжиж байсан. Өнгөрсөн жил энэ дүрмээр дөрвийн даваанд дөрвөн хүн хасагдаж байсан. Дээгүүр даваанд ийм асуудал үүсээгүй учраас хүмүүсийн анхаарал таталгүй өнгөрсөн байх.
Заалны барилдаанд ч бөхчүүд хаялцахгүй бол идэвхээр хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) санал нийлдэг.
2023 оны гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор Дүрмийн өөрчлөлтийн нээлттэй хурал зохион байгуулсан. Энэ хуралд 30-аад бөх ирсэн. Хуралд оролцсон бөхчүүд идэвхээр бөхийн барилдааныг үнэлж, хасдаг дүрмийг болиулж, тэгш барьцыг оруулж ирэх дээр санал нэгдсэн. Энэ шийдвэрээ МҮБХ 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн. Гэвч энэ салбар хороо бөхчүүд болон МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг хүлээж авалгүй, өнгөрсөн жилийн наадмын адил идэвхээр хасдаг дүрмээр явна гэсэн хариу өгсөн. Зөвхөн “О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням нарын аваргууд, МҮБХ-ны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав нар сууж байгаад өөрсдөдөө зориулсан дүрэм баталсан” гэсэн худал мэдээллийг хүмүүст түгээсэн. Гэтэл тэр хурлын тэмдэглэл, протокол нээлттэй, оролцооны хувьд хэн ч оролцож болохоор хурал болсон. Хүнийг ингэж хамаагүй гүтгэж болохгүй. Х.Баянмөнх аварга маань ч энэ хасдаг дүрмийг буруу гэдгийг хэлсэн.
Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны хүмүүс Бөхийн холбоо, бөхчүүдээс гаргасан санал, дүрмийг хүлээж авахгүйгээр өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж, өөрсдөө дур мэдэж ийм дүрэм баталж болохгүй.
МҮБХ-ноос Бөхийн салбар хороонд 2023.04.12-нд идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх санал хүргүүлсэн ч хүлээж авахгүй байсаар Баяр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 5-нд дур мэдэн дүрэм баталсан. Ингэж болохгүй ээ. Хүн бүхэн бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг чаддаг, хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсч байх хэрэгтэй. Ямар хортой үр дагавар дагуулсныг бид сая харсан. Наадамчин олныг бухимдуулж,, бөхчүүдийг хооронд нь талцууллаа.
Миний бодлоор Үндэсний бөхийн салбар хороо бус Бөхийн холбоондоо Баяр наадмаар барилдаан зохион байгуулах эрхийг нь өгч, хоёр дүрэмгүйгээр зөвхөн МҮБХ-ныхоо дүрмээр наадмаа зохион байгуулмаар байна.
Төрийн наадамд цол дуудуулж байгаа бөхийг зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг компани зарлуулна гэж журамласан нь бөхчүүдийн эрх ашгийг хөндаж байна. Цолоо дуудуулахдаа хоёр аймгаар зарлуулдаг бөх ганцхан би л байгаа. Намайг наадмын өмнө ийм утгатай пост оруулсан болохоор Бөхийн салбар хороо тийм дүрэм гаргасан. Монгол бөхдөө хайртай, төрөөс хамааралгүйгээр бөхчүүдээ дэмждэг хувийн хэвшлүүд олон байгаа. Зарим бөх цолоо дуудуулахдаа хоёр, гурван компани зарлуулдаг. Би гурван компаниар зарлуулдаг, алийг нь зарлуулахаа мэдэхгүй байгаа. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Цолоо дуудуулахдаа хоёр гурван компанийг зарлуулахаар тийм их цаг хугацаа орох гээд байгаа юм уу. Засуулдаа хэлээд хоёр компаниа зарлцуулчихъя гэхээр эрхийг нь хасна гэж тэднийг дарамталсан байх жишээтэй.
Ам авах хугацаа цахим боллоо гээд сайжирсан юм байхгүй. Хугацаа давчуу байсан. Гурвын давааны ам авах хугацааг сунгамаар санагдсан.
Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдэд суух сандал ч байхгүй, ногоон дэвжээ рүү орх эрхгүй болсон байна.
Цагдаа нарт үүрэг өгчихсөн, хамгаалалт гаргачихсан байсан. Зургаан аварга л орох эрхтэй, бусад бөхчүүд нь орох эрхгүй. Ногоон хашаан дотор хорьчихдог. Бид бас бөхөө үзнэ, бөхөө үзэж байж тэр бөх ямар барилдаан хийж байна гэдгийг судална, амаа авна. Ногоон хашаанд хорьчихоод оруулах ч үгүй, гаргах ч үгүй байсан. Өмнөх өдөр нь унасан бол дараагийн өдөр нь оруулахгүй. Ийм дарамтан дунд монгол наадам маань өнгөрлөө.
Эцэст нь, Наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр гаргасан хүмүүст хэлэхэд "Та нарын бодол өөрсдөдөө л зөв байх. Гаргасан шийдвэр чинь наадамчдыг талцуулж байна. Тийм учраас МҮБХ-нд барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, гаргасан дүрэм журмаар нь бид барилдмаар байна".
Та бүхэн завгүй байдаг бол өөрсдийн ажил төрлөө хийгээд, бөх үзэх дуртай бол бөхөө үз, бөгс чинь чилээд байдаг бол эртхэн харьж, амарсан нь дээр.
Монголчууд үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйдаж байгаагүй юм шүү.