Ойн хамгаалалд 7.4 тэрбум төгрөг зарцуулна
БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол ХХК”-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” чиглэлд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ЭРҮҮЛ ОЙ төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ойн хөнөөлт шавж устгалын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Монгол орны ойн сан манай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байна. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдсонтой холбоотой 2022 оны байдлаар хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүрч, 700 гаруй мянган га ойн сан доройтон нийт 2 тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн байна. Иймд “Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300 мянган га ойд биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хийж 1.1 тэрбум модыг аврах ажлыг эхлүүлж байгаа юм байна.
2023 онд 100.000 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн ба тус хор нь био бэлдмэл учир хүн, амьтанд хор хөнөөлгүй, зөвхөн ойн шавжийг л устгах зориулалттай юм. Ойн хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Эйр трактор AT-602 маркийн онгоцыг хөөргөжээ. Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3.2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм байна.