“Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлэх ЗАРЛИГТ ТУСГАСАН ЧИГЛЭЛҮҮД

 

“Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлэх ЗАРЛИГТ ТУСГАСАН ЧИГЛЭЛҮҮД

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа.

Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр /2021.10.04/ хүргүүлэв.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,

  • Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх,

  • Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх,
  • Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов.
  • Иргэд, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах,
  • Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, технологийн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан салбар болгон хөгжүүлэхийг чиглэл болголоо.

Зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриаллаа.

Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт суулгах, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар өнөөдөр мэдээлэл хийв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, НҮБ-ын ногоон индрээс хүн төрөлхтний өмнө Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарина гэдгээ амласан. Үүнийг дэлхийн хамгийн хурц сэдэв болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэх чиглэлд гаргасан томоохон санал, санаачилга гэж олон улсын түвшинд үзэж байна. Манай ойн салбарын эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгжүүд сайшаан дэмжиж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж байгаа улс бол Монгол Улс. Энэ хөдөлгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд хөрөнгө, мөнгө гаргах асуудлыг хуульчлах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд ДНБ-ий 1 хүртэлх хувийг байгаль орчинд зарцуулдаг болох тухай заалтыг тусгасан. Одоогоор боловсрол, эрүүл мэндийн салбарт ДНБ-ий тодорхой хувийг зарцуулах хуулийн заалт бий. Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газар саналаа ирүүлсэн. Мөн салбарын эрдэмтэд, БОАЖЯ дахь Ажлын хэсгийн санал, зөвлөмжийг тусгасан” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан:

“Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байна гэсэн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 сая га талбайг 4 хувиар бууруулна. Манай газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлсон. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргалаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл бэлтгэл, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ” гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen