Монголоос Франц руу нэн чухал металлууд нийлүүлнэ

Монголоос Франц руу нэн чухал металлууд нийлүүлнэ

 

Монгол Улс эрчим хүчний шилжилтдээ шаардлагатай нэн чухал металлуудыг Францад нийлүүлнэ гэж Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсад анхны айлчлалаа хийх үеэрээ мэдэгдлээ.
Францыг “гуравдагч хөршөө” хэмээн тодорхойлдог Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, “Бид танай улсаас нэн чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдсэн” хэмээн мэдэгджээ.
Монголд ураны олборлолтыг хөгжүүлэхээр ажиллаж буй “Orano” групптэй өрнүүлж буй түншлэл нь гол үүрэг гүйтэтгэнэ гэж Э.Макрон нэмж хэлэв. Тэрбээр Японд болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоод буцах замдаа Монголд айлчилсан юм.
Монголын нийт экспортын 80 орчим хувийг Хятад руу гаргадаг ч байгалийн арвин баялагтай тус улс хоёр том хөрш Хятад, Оросоос бусад орнуудтай худалдаа, уул уурхайн харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Европ, Азийг холбогч гүүр болно гэж найдаж байна.
Газрын ховор ашигт элементүүд нь өндөр технологийн үйлдвэрлэлийн олон процесст зайлшгүй шаардлагатай бөгөөд цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин турбин, зөөврийн электрон хэрэгсэл, микрофон, чанга яригч зэрэгт ашиглагддаг.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen