Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тактикийг Э.Бат-Үүл хэрэглэж эхлэв үү

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т шалгаж байгаа . Ингэхдээ түүнийг хууль бус тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа" хэмээн мэдээлсэн байдаг. 

 

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Надаас угаасаа но илрэхгүй. Но илрэхгүй болохоор шалгаад л байдаг юм" гэх утгатай зүйлийг АТГ-т шалгагдаж эхэлсэн цагаасаа л хэлж ярьсаар ирсэн. Түүнчлэн "Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласнаас хойш зохион байгуулалттайгаар шалгах ажиллагаа эхэлсэн" гэж мэдээлсэн байдаг. Учир нь тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэн мэдээлэл хийсэн юм.

 

Гэхдээ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнийг нам дотроосоо ярилцаж байж дэвшүүлдэг. Харин энэ асуултад Н.Алтанхуяг "Намынхантайгаа ярилцаагүй байгаа" гэж тайлбар өгсөн нь яагаад ийнхүү яаран сандран Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлах болов гэх хардлагыг төрүүлсэн юм. Гэхдээ энэхүү асуултын хариулт тун ч төвөггүй олдсон. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгагдаж буй шалтгаанаа "Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласнаас болж хэсэг бүлэг хүмүүс нэр дэвшүүлэхгүйн тулд хийж буй зохион байгуулалттай ажил" гэж хаацайлсан. Үнэндээ бол хуулийнхан ажлаа л хийж буй. Харин ч түүнийг АН-ын даргын сунгаанд оролцож, 21 аймгаар гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийгээд завгүй байхад байцаалтын ажиллагааг түр хойшлуулж тусалсан. Улмаар намын даргын сонгууль дууссаны дараа байцаалтаа үргэлжлүүлж, түүнээс хойш экс сайд Н.Алтанхуягаас хоёр ч удаа байцаалт аваад байгаа юм.

 

Харин энэ удаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тактикийг Хотын дарга асан Э.Бат-Үүл хэрэглэж эхлэв бололтой. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нам жим байсан. Сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш, намын даргын сунгаа явагдаж байх үеэр ч тэрбээр усанд хаясан чулуу мэт чимээ аниргүй байсан. Гэтэл цагаан сарын үеэр гэнэтхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа тухайгаа зарлаж эхлэв. Намынхантайгаа зөвшилцөж тохирсон эсэх нь ч тодорхойгүй.

Харин түүний гэнэт ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсоноо зарласан нь мөн л Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай ижил шалтгаантай байж болзошгүй. Учир нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийг АТГ-т шалгаж байгаа аж. Ямар асуудлаар шалгагдаж байгаа нь одоогоор тодорхойгүй ч албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү  Э.Чулуудайн "Гранд лайн” компани хууль бусаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэр авсан хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэв.

 

Энэ бүхнээс харахад чив чимээгүй байсан Э.Бат-Үүл гэнэт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан нь Н.Алтанхуягтай ижил шалтгаантай, "урьдчилан сэргийлэх тоглолт” хийж байна гэдэг хардлага намынхан дунд нь ихээхэн газар авчээ.

 

Хэрвээ энэ үнэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шиг "Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр бүлэглэлүүд айгаад хонгил руу явуулах гээд байна” гэдэг үгийг Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл давтахад гайхах зүйлгүй л бололтой. 

 

Хэдэн жилийн өмнө цагдаагийн экс дарга нар, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын шүүх хурал болоход "өмгөөлөгч тактик" моодонд орж өмгөөлөгчид янз бүрийн шалтаг шалтгаан хэлж шүүх хурлыг хойшлуулдаг байсан шиг энэ удаад АН-ынхны дунд "Ерөнхийлөгчид нэр дэвших тактик" моод болон дэлгэрлээ. Моод Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаар эхэлж, Хотын дарга асан Э.Бат-Үүлээр үргэлжилж байгаа бололтой. 

 

 

Б.Анир

http://www.zaluu.com/read/h2fg8874



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen