Хүлээлт үүсгэсэн хаврын чуулган

УИХ-ын хаврын ээлжит чуулган нэнэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулган өндөр хүлээлт үүсгээд байна. Учир нь, УИХ-ын хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргаж, нэг асуудалд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.

Мөн Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль гээд хэлэлцэх асуудлууд нь олны анхаарлыг татаж байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын дарга саяхан "УИХ-ын 2023 оны үйл ажиллагааны зорилт бол эрх зүйн 10 багц шинэчлэл. Удахгүй эхлэх хаврын чуулганаар багц шинэчлэлүүдийн нэн тэргүүнд тавигдаж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Авилгатай тэмцэх, засаглалыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 2022 оны Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гаргаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Одоо хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авилгатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлнэ" гэсэн юм.

Хаврын чуулганаар 58 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэхдээ аль ч чуулган тогтоолд заасан төслүүдээ хэлэлцдэггүй, амждаггүй. Энэ удаагийн хаврын чуулган бүр ч амжихгүй. Учир нь, дээр дурдсан хориг, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гээд төлөвлөгөөнд байгаагүй олон асуудал шинээр орж ирсэн. Эдгээр асуудал нь хэлэлцэх хуулийн хугацаатай. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг чуулганы эхний 10 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88.1-т "Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална" гэж заасан байдаг юм.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хаврын чуулганы эхний өдрүүдэд хэлэлцэх ёстой. Эдгээр асуудлаас дутахааргүй олны анхаарлыг татаж буй асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Эрх баригчид Үндсэн хуульдаа дахин өөрчлөлт оруулах зорилго тавьж, Зөвлөлдөх санал асуулгын чуулганы завсарлагааны хугацаанд зохион байгуулсан. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болбол дундуур ямар нэгэн төсөл хэлэлцэж болдоггүй хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал бий. Үндсэн хуульд зааснаар ээлжит сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог. УИХ-ын сонгуулийг тогтсон хугацаанд нь буюу 2024 оны зургадугаар сард зохион байгуулах бол энэ оны зургадугаар сараас өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэсэн үг. Энэ мэтээр олон асуудал шийдлээ хүлээж байна.  

 

http://eagle.mn/r/112066

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen