Э.Блинкен, С.Лавров нар Украинд дайн эхэлснээс хойш анх удаа уулзав
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Энэтхэгт болсон “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Украинд дайн эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзжээ.
Америкийн өндөр албан тушаалтнуудын хэлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандан дайнаа зогсоож, "Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ түр түдгэлзүүлэх шийдвэрээ цуцлахыг Москвад уриалсан байна.
Харин Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, С.Лавров, Э.Блинкен нар “хаалттай хурал дууссаны дараа 10 хүрэхгүй минут ярилцсан бөгөөд ямар нэг хэлэлцээ хийгээгүй байна”.
Э.Блинкен дараа нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, С.Лавровт төлөвлөгөөгүй уулзалтын үеэр ч дипломат үйл ажиллагаа явуулж байхыг хэлсэн гэжээ.
“Би Гадаад хэргийн сайд С.Лавровт дэлхий даяар эсвэл манай хоёр улсын харилцаанд юу болж байгаагаас үл хамааран АНУ нь Хүйтэн дайны ид дунд үед АНУ, ЗХУ-ын нэгэн адил стратегийн зэвсгийг хянах талбарт оролцож, ажиллахад үргэлж бэлэн байх болно гэж хэлсэн" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг