Украинд өгсөн тусламжийн 200 мянган ам.долларыг ч бас хулгайлсан уу?
Олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа гол салбар нь улс төр боллоо. Тэр дундаа хулгайч улстөрчдөөс болж, Монголын нэр хүнд шалдаа буугаад байна. Үүний тод жишээ бол нүүрсний хулгай. Дэлхийд Монголын нүүрсний хулгайг ярихгүй улс, орон гэж алга. Гадны хэвлэлээр “Монголын төр хулгайч улстөрчдөөр дүүрсэн нь хэдэн их наядаар яригдах нүүрсний хулгай мэт томоохон хэргүүдээс тодорхой болоод байна” гэх агуулгатай мэдээлэл, сурвалжлага өдөр бүр цацагдаж байна. Монголчууд бид хэд хэдэн их наядын хулгай, томчуудын хулгай гэж ярьж хашхирч байх зуур нөгөөдүүл нь аахар шаахар зүйл хулгайлж, идсээр л байна. Ёстой дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэдэг шиг хулгайчид хаана ямар боломж гарч байна тэр бүгдийг том, жижиг гэж гололгүй хулгайлсаар л. Тодруулбал, саяхан хүүхдийн мөнгө олгох асуудалд нийгэм даяараа шуугисан. Энэ далимаар зарим улстөрчид, эрх мэдэлтнүүд хүүхдийн мөнгөнөөс 300 тэрбум төгрөг хулгайлсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулан зээлдэгчдийн асуудлыг нотлох баримтад тулгуурлан хэлэлцэж байгаа. Энэ үеэр хулгайч улстөрчдийн хэрэг эхнээсээ илчлэгдэж, зарим нэр бүхий улстөрчид өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж байх жишээтэй. Тус сонсголын үеэр АСЕМ-д ашиглагдаж байсан 43 автобусны гурав нь цох дутаж, өдийг болтол хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон хэрэг илэрч байх юм. Монгол Улсад хулгай хийж болох юу л байна тэр бүгдийг л хулгайлдаг бололтой. Энэ бол өнөөгийн Монголын төрийн шившиг. Энэ шившигээ тэд дотоодод төдийгүй гадаадад ч дэлгэсээр байгаа нь зарим зүйлээр нотлогдож эхэлжээ. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн жишээ хэлье. Украин Орос хоёрын дайн өдий болтол үргэлжилсээр. Манай улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч ардчилсан орон гэдэг утгаараа бусад ардчилсан орнуудын жишгээр Украинд тусламжийн гараа сунгах шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ тус улсад Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс 200 мянган ам.долларын тусламжийг шилжүүлсэн гэдэг. Гэтэл энэхүү тусламж очих ёстой газартаа хүргэгдээгүй талаар олон улс судлаачид болон Украины албаны хүн ярих боллоо. Нөгөөтэйгүүр Украин улсад санхүүгийн, цэргийн, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн улс орнуудын нэрсийг өдөр бүр зарлаж, дэлхий дахинд мэдээлдэг. Энэ дотор Монгол Улсаас өгсөн 200 мянган ам.долларын талаарх мэдээлэл одоо болтол гарч ирэхгүй байгаа нь сонин. Өөрөөр хэлбэл Украин руу шилжүүлсэн гэх тусламжийн хөрөнгө одоо болтол очих ёстой газартаа очоогүй гэсэн үг. Зарим олон улсын байгууллага, хэвлэлээр Монголоос ирэх тусламж алга болсон талаар мэдээлээд эхэллээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манай урт гартнууд энэхүү 200 мянган ам.долларыг Засгийн газраас гаргуулчихаад замаас нь хусчихсан юм биш үү гэх хардлага төрүүлж буй. Ингэж чадах л хүмүүс гэдгээ олон удаагийн үйлдэл, илэрч буй хулгайн хэргээрээ тодорхой харуулсаар ч байгаа. Одоо Турк улсад хүмүүнлэгийн болоод санхүүгийн тусламж, үзүүлэх талаар ярьж байна. Үүнийг нь манай хулгайч улстөрчид хэдийнээ мэдчихсэн, бас л хумсалчих санаатай үзэж байгаа биз. Хүүхдүүдээсээ хүртэл мөнгө хулгайлдаг улстөрчид хүмүүнлэгийн тусламжийг яаж зүгээр гаргах билээ.