Гэм хийгээгүй л бол гэрчээр ирэхэд айгаад байх асуудалгүй байлтай
Жил дамнан олны анхаарлын төвд орсон асуудал бол яах аргагүй Хөгжлийн банкны зээл. Хувь, хувьсгалын томоохон гэгддэг цөөнгүй аж ахуй нэгж тус банкнаас зээл авч, зарим нь эргэн төлөлтөө хийлгүй өдийг хүрсэн нь ил болсон. Хамгийн гол нь тус зээлийг эрх бүхий албан тушаалтнуудын ойрын хүмүүс, хамаарал бүхий компаниуд авсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч зээлийн асуудал нийгэмд нэгэнт ил болж, энэ хүрээнд хуулийн байгууллага дээр цөөнгүй хавтаст хэрэг овоороод байгаа юм. Үүний хажуугаар УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хийж эхэлсэн.
Өнгөрсөн сарын эхээр эхний сонсголоо хийсэн нь олон нийтэд ил тод дамжуулагдсан бөгөөд чамгүй үр дүнтэй явагдсан. Тэгвэл хоёр дахь сонсгол энэ долоо хоногт (2023.02.06) эхэлнэ. Хамгийн гол нь асуудлын үнэн мөнийг олох, олгогдсон зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх, эргэн төлөлт хэр байгаа, хэзээ төлөгдөж дуусах зэргийг тодорхой болгоход холбогдох компаниудын эрх бүхий албан тушаалтнууд ирж оролцох хэрэгтэй. Гэвч эхний сонсголоос ажиглагдсан нэг зүйл нь дуудсан гэрчүүд ирэхгүй байгаа явдал. Тухайлбал, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч болох Кью Эс Си ХХК, Хөтөл ХХК, Цэцэнс майнинг ХХК, Эрдэнэс Монгол ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримтыг хэлэлцэх үед “гол нөхөд” нь ирээгүй байх жишээтэй. Бүх зүйлийг гардан хийж, манлайлан оролцсон Кью Эс Си ХХК, Хөтөл ХХК-ийн хамаарал бүхий этгээд ирээгүйгээс болж, зарим асуудал бүрхэг хэвээрээ үлдэж байгаа юм. Цаашлаад Цэцэнс майнинг ХХК-тай холбоотойгоор Бодь Интернэшнлийн захирал Д.Баясгалан, Эрдэнэс Монгол ХХК-ийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудсан байдаг.
Кью Эс Си ХХК-ийн хамаарал бүхий этгээд Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Р.Мөнхжаргал нарыг дуудсан ч ирээгүй. Шинжээчийн дүгнэлтээр Кью Эс Си ХХК зээлээ зориулалтын бусаар ашиглаж, хамаарал бүхий этгээдийн банк руу эх үүсвэр шилжүүлсэн нөхцөл байдлыг тогтоосон байдаг. Мөн Хөгжлийн банкнаас "Изинис эйрвэйз" компани 22 тэрбум төгрөг зээлж, 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дахь зээл хааж зориулалтын бусаар зарцуулсан шинжээчийн дүгнэлт нэгэнт гарсан. Дээрх зориулалтын бусаар зарцуулсан гэх 7,5 тэрбум төгрөгөөс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэрийн эзэмшдэг "Сарнайх" ХХК-ийн 2.1 тэрбумын зээлийг хаасан байна. Чухам ямар учраас Хөгжлийн банкнаас авсан зээлээр Б.Хурцын эхнэрийн зээлийг хаасан бэ гэх асуулт хариулт авах үүднээс түүнийг гэрчээр дуудсан ч мөн л ирээгүй байна. Түүнчлэн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр ирээгүй, зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй байдаг.
Энэ мэтчилэн сонсголд гэрчээр дуудагдсан нөхдийн цуваа цааш үргэлжилнэ. Жишээ нь Пирамид орд ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан Ц.Хонгормаа өөрөө оролцох боломжгүй гээд өмгөөлөгч М.Сонинбаярыг явуулсан байх. Мөн тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан ч тэрээр "Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй болохоо мэдэгдсэн” гэх шалтгаанаар ирээгүй байдаг. .
Ийнхүү сонсголыг үр дүнтэй болгох, асуудлын үнэн мөнийг тогтооход хамгийн их үүрэг гүйцэтгэх ёстой гэрчүүд оролцохгүй байгаа нь хардлага төрүүлж буй юм. Магадгүй их но-той нөхөд болоод ч өөрийн биеэр ирж зүрхлэгүй байгааг үгүйсгэх аргагүй юм. Эсвэл энэ сонсголд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагийн илрэл ч гэж хэлж болно. Ямар сайндаа л Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал ярилцаж, сонсгол хийж байхад тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ирэхгүй байхав дээ. Чухал асуудал хэлэлцэж байхад түүнийг ирээгүйд УИХ-ын гишүүд бухимдсан ч удаатай. Энэ дагуу нээлттэй сонсгол даргалан явуулж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Н.Мандуулыг яаралтай ирэхийг үүрэгдэж байсныг ч та, бид харсан. . Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг ирүүлэхийг үүрэгдэж байсан ч тэд сонсголд ирж оролцсон нь юу л бол. Эхний удаагийн сонсголоос ажиглагдсан дээрх байдлыг ирэх сонсголд засахын тулд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос ч онцгой анхаарах хэрэгтэй юм.
Хоёр дахь сонсголд 43 гэрчийг дуудна
Ирэх долоо хоногт хоёр дахь сонсгол болно. УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр энэ талаар "Одоогоор 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Нэмж дуудах шаардлага үүсвэл дуудна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг зэрэг олон хүн дуудагдана. Бид ажлын таван өдөр гэж төлөвлөж байгаа ч ажлын гурван өдөрт багтааж сонсголыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.
Түүнчлэн Хөгжлийн банкны сонсголд ирээгүй албан тушаалтныг ажлаас нь хална. Гэрчээр дуудагдсан ч ирээгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгийг тодотголоо. Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэх аж.
Нэгдүгээрт нь, Монгол Улсын Хөгжлийн Банканд Хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудах гэнэ. Энэ хүрээнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдах талаар албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Хоёррдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох "Ди Би Эм Лизинг" ХХК-аас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцх юм байна. 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэнээс шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэмж асуулт асуух шаардлагатай гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнтэй холбоотойгоор нийт 35 гэрч дуудагдах аж.
Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээний үр дүнг сонсох юм байна. Үүнд гэрчээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, БХБЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Р.Эрдэнбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа, Түмэн Хишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нарын 43 гэрчийг дуудахаар болсон байна.
Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн дагуу гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөх, санаатайгаар зайлсхийвэл хариуцлага хүлээхээр тэмдэглэлд гарын үсэг зурж байгаа. Албан тушаалтныг Төрийн албаны хуулийн дагуу ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийн хувьд санаатайгаар зайлсхийх эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгоно. Гэрчүүдээс бол түр хорооны хурал тасалдах хэмжээнд хүрвэл түр хороо хуралдаж, тэр хүмүүсийг зарлаж, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг ярих ёстой” гэдгийг хатуу мэдэгдээд байгаа юм.
Ирэх долоо хоногт болох сонсгол ийнхүү гэрчээ ирүүлэх тал дээр илүү анхаарч байгаа болотой. Учир нь сонголын хамгийн чухал оролцогчид нь гэрчүүд байх учиртай. Сонирхуулахад, энэ удаагийн сонсголд ерөнхийлөгч асан Х.Баттулга хүүхдүүдийн хамт дуудагдсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч сонсголд ирээгүй албан тушаалтнуудад захиргааны арга хэмжээ авах, ажлаас нь халах, мөнгөн торгууль ч тавихыг мэдэгдээд байна. Гэрчүүд хэрхэн оролцохыг харах л үлдлээ.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН