ЦАГААН САРЫН ТҮҮХ
Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдэллэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. "Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед "Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.
Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн "Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс. Монголчууд жил цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтөлдөг.
Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан битүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.
Цагаан сар түүхэн сурвалжид
XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан юм. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн "Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд "IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн их сайхан үг хэлсэн байдаг.