Г.Батдоржийг ТАЗ-өөс албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ

Г.Батдоржийг ТАЗ-өөс албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ

 

Шинэ оны өмнө Төрийн албаны зөвлөлөөс /ТАЗ/ гаргасан 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон. Тодруулбал, таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг нэгдүгээр сарын 1-ний дотор чөлөөлөхөөр болсон.

Гэвч дээрх тогтоол хэрэгжихгүй байсан ч энэ сарын 08-ны өдөр зарим агентлагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг ТАЗ-өөс гаргажээ.

Үүнд олны анхаарлыг татаад байсан олноос “цүнх”-чин гэх хоч авсан Гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын /ГБХЗХГ/ дарга Г.Батдоржийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх бичгийг түүнд хаяглан хүргүүлжээ.

Яг үнэндээ Г.Батдорж нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ГБХЗХГ-ын даргаар томилогдсон нэгэн. Тийм учраас ХНХ-ын сайд А.Ариунзаяа түүнтэй 2022 оны үр дүнгийн гэрээ байгуулалгүй өнөөдрийг хүрчээ. Хэрвээ Г.Батдорж төрийн албаны дадлага туршлагатай, хүүхдийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин байсан бол салбарын сайд нь шинэ оны босгон дээр түүний удирдаж буй агентлагийн үйл ажиллагааг хэвийн явуулахын Үр дүнгийн гэрээ байгуулах байв. Энэ асуудлаас үүдэж тус газрын ажил зогсонги байдалд орж албан хаагчид нь байж суух аргаа олж ядаж буй аж.

Г.Батдорж дээрх чухал агентлагийн даргаар очихын тулд сайн ах нарынхаа сонгуулийн ажилд идэвхтэй оролцож ийнхүү албан тушаалаар шагнуулах болсон тухайг МАН-ын залуучууд амны зугаа болгон ярьж явна.

Тодруулбал, тэрбээр 2021 оны 2 дугаар сард Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо /НАМОХ/-ны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд энэхүү албан тушаалаас ах нарынхаа буянаар ГБХЗХГ-ын дарга болсон нэгэн.

Намын томилгоогоор томилогдсон энэ мэт нөхдийг ТАЗ-өөс албан тушаалаас нь чөлөөлөх болсон ч тэрбээр ардаа асаалттай танкуудаа эгнүүлэн зогсоосон учраас ТАЗ-өөс ирсэн албан тоотыг ихэд нууцалж ажлаа хийсэн хэвээр байна.

Уг нь ТАЗ-өөс 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлж сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нарыг чөлөөлөхгүй бол томилсон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг хүргүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн. Гэвч хууль дүрэм зөвхөн энгийн иргэдэд үйлчилдэг болохоор төрийн албаны туршлагагүй Г.Батдоржтонгууд хуулийн дээгүүр гишигчиж байна.

Товчхондоо бол ТАЗ-өөс хууль бусаар томилогдсон нөхдөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт илгээсэн ч тэдний дээр эрх мэдэл албан тушаал ноёрхсон хэвээр буй учраас ТАЗ хүчгүйдэж буйг онцолж байна.

 

http://erennews.mn/article/52827

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen