Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?
Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай нь Ажлаасаа хөөгдөөд жил ч болоогүй О.Дагвадоржийг өндөр албан тушаалд хууль бусаар томилсон гэх асуудал хөндөгдсөн. Энэ дагуу ТАЗ-өөс /Төрийн албаны Зөвөлөл/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн түр үүрэг гүйцэтгэ Ж.Батбаясгалан даргад О.Дагвадоржийг чөлөөлж, ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгох, мөн адил хууль бус томилгоо, шийдвэр гаргасан А.Энхманлайг ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийн хариуг долоо хоногийн дотор өгөх ёстой байсан ч Хотын даргын ажлыг түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нь асуудлыг шийдэхгүй удсаар О.Дагвадоржид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн хэмээн халхавч хийж, харин А.Энхманлайд ямар нэгэн хариуцлага тооцолгүйгээр авч үлджээ.
Уул шугамандаа Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай нь төрийн албанаас халагдсан хүнийг өндөр албан тушаалд хууль бусаар томилж хариуцлага алдсан. Түүнчлэн өндөр албан тушаалд томилсон О.Дагвадоржид ээлжийн амралт, цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөөг удаа дараа олгосон байдаг. Гэтэл А.Энхманлай дээрх мэдэгдэл, шийдвэрийг үл тоож ямар ч буруугүй цэвэрхэн үлдэхээр болсон.
Хууль зөрчсөн нь ил болоход бусдаар туг тахиад хариуцлагаас мултардаг систем Нийслэлд ийнхүү ил болж байна. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын даргын ажлыг үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А.Энхманлайг чөлөөлөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй байгаа гэх мэдээлэл байна.
А.Энхманлайгийн хууль бус шийдвэрийн дагуу томилогдсон гэх О.Дагвадорж нь Нийслэлийн газрын албаны Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд албаны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, ажилдаа хайнга хандах, ажил таслах зэрэг нь хэрээс хэтэрч 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрийн албанаас халагдсан нэгэн аж.
Хариуцлагагүйн туйлыг үзүүлэн балайрч яваад ажлаас халагдсан О.Дагвадоржийг үхэхээс наахнуур дэмжсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!
У.МАНДАХ, FACT.MN