Э.Цэндбаатар өнөө үдэш Москва хотноо Аслан Кабисовтой тулалдана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2021.12.24/ мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аваргын бүсийн төлөө Аслан Кабисовтой Монголын цагаар 21 цагт тулалдана. Дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксоор хүчээ сорихоор ОХУ-ыг зорьсон бөгөөд уг тулаан энэ сарын 17-нд товлогдсон ч хойшлогдож ийнхүү өнөөдөр ОХУ-ын боксчин А.Кабисовтой аваргын бүсний төлөө өрсөлдөнө.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Аслан Кабисов мэргэжлийн рингэнд 7 тулалдахдаа бүгдэд нь ялсан бөгөөд дөрвийг нь хүнд цохилтоор буулгаж авсан, одоогоор ялагдал амсаагүй байгаа тулаанч юм байна.
Э.Цэндбаатарын хувьд өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан энэ үдэш Москва хотноо болно.