"Авлигын гэмт хэргийн илрүүлэлт жил ирэх тусам сайжирч байна"
Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ жил дэлхий нийтээр энэ өдрийг “Таны эрх-Таны оролцоо:Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тус өдрийг тохиолдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.
Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хөрсийг устгах дээр анхаарах ёстой
Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцсон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк болон бусад зочид оролцож, санал бодлоо солилцов.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүгэл үлээгчийн хуулийг богино хугацаанд зайлшгүй батлах шаардлагатай. Шүгэл үлээж, авлигад өртөж байгаа албан тушаалтныг илчилнэ гэдэг бол нийгэмд гавьяа байгуулж байгаа гэсэн сэтгэл зүйг суулгах хэрэгтэй. Матагч, хэн нэгний мууг үздэг хүн гэсэн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Үүний үр дүнд бид авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж чадна. Ингэхдээ зөвхөн авлигын хөрсөн дээр ургасан хогийн ургамлыг устгах биш. Авлигын хөрсийг устгах дээр анхаарах ёстой. Төр өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж нүдний шилээ өөрчлөх цаг иржээ” гэж ярилаа.
Энэ онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Чуулганыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлэхдээ “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн 190 орчим орон Авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгагдаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Үүнд тус байгууллагын албан хаагчдын хичээл зүтгэлээс гадна иргэдийн оролцоо, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байлаа. Авлигын шалтгаан, нөхцлийг арилгах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, хариуцлагыг чангатгахад Засгийн газар, Ерөнхий сайд анхаарлаа хандуулж, Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа нь авлигатай тэмцэх хамтын ажиллагааг сайжруулахад чухал хөшүүрэг болж байна” гэв.
Тус арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал, Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ийн салбар хэлэлцүүлэг бүрээс онцлох байр суурийг хүргэж байна.
Байр суурь
УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг: Намын санхүүжилтийн хяналт, ил тод байдлыг сайжруулах шаардлагатай
-30 жилийн хугацаанд улс төрийн шинэчлэл хамгийн бага хийсэн, эрх зүйн зохицуулалт нь хамгийн хоцрогдсон салбар бол улс төрийн намын санхүүжилт, намын тогтолцоо юм. Намд олгож байгаа төсөв санхүүгийн зарцуулалт тодорхой бус, олон нийтэд тайлагнадаггүй тул санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагналыг сайжруулахад анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг дотоодын болон олон улсын судалгааны байгууллагууд өгсөн. Манай улсын авлигын индексийг хойш нь чирж байгаа асуудал нь намын санхүүжилт юм. Тиймээс Улс төрийн намын хуулийн 60 орчим хувь нь санхүүжилтын асуудлыг хөндөж байгаа. Бид улс төрийн намын санхүүжилтийг цэгцэлж чадвал Монгол Улсын авлигын индекс буурах, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд томоохон алхам болно.
Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр: Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа нь маш бага
-Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимаас энэ оны аравдугаар сард АТГ-аас манайд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийсэн. Сүүлийн гурван жилд буюу 2019-2021 онд манайд 55 хэрэг ирсэн. Үүний 66 хувь нь Улсын дээд шүүхэд ирээд гэм буруутайд тооцоод ял шийтгэлээ эдлээд явж байна. Харин 17-18 хувь нь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд рүү буцаагдсан. Мөрдөн байцаалт, прокурорт буцсан хэрэг 12 хувийг эзэлж байна. Үүнд бид анхаарч, судалгаагаа төвлөрүүлж, учир шалтгаан нь юу байна гэдгийг судалсан. Энэ 12 хувийг эзэлж байгаа хэрэг дотроос найман хувь нь шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн байна. Дөрөв орчим хувийн хэрэг нь эцэслэгдэн шийдвэрлэгдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ял шийтгэлгүй үлддэг асуудал бий. Авлигын гэмт хэргийн хамгийн хүндрүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа нь маш бага. Авлигын гэмт хэрэг бусад гэмт хэрэгтэй харьцуулахад илрүүлэх хугацаа удаан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг ноцтой эрсдэл байдаг.
Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Прокуроруудыг мэргэшүүлж, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх нь чухал
-Гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон эд хөрөнгө бэлэн ба бэлэн бус олон янз. Ялангуяа авлигын гэмт хэрэгт банк, томоохон ААН, орд газрын хувь эзэмших эрх бэлгэнд авах, түүнийгээ бусдын нэр дээр шилжүүлж, уг олсон эрхээр дамжуулж ашиг олох, эсвэл хувьцаагаа бусдаар дамжуулан заруулан оффшор дансанд байрлуулах, өөрийн гэр бүл, хамаатан садны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа лиценз худалдан авах зэргээр авлигын хэлбэр дүрсийг хувиргах ажиллагаа ихэвчлэн зохион байгуулалттай үйлдэгддэг. Авлигыг бууруулахын тулд нэгдүгээрт, прокуроруудыг мэргэшүүлэх, хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, хэргийг аль болох богино хугацаанд бүх талаас нь бүрэн гүйцэд шийдвэрлэх нь чухал юм. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг зөв тооцож мэдээлэх ёстой.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид: Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил
-Авлига бол хүний эрхийг зөрчиж байгаа хамгийн том асуудал мөн. Нэг албан тушаалтан авлигын хэрэгт орооцолдоход иргэд олон нийтийн эрх зөрчигддөг. Учир нь авлигын улмаас аль нэг талд давуу байдал үүсч байхад нөгөө талын хүний эрхээ эдлэх эрх хаагдаж байгаа нь ялгаварлан гадуурхалт юм. Манай улс Авлигатай тэмцэх индексээрээ 139 орноос 81 дүгээрт жагсаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг задалвал цагдаагийн байгууллага болоод шүүх гэсэн хууль тогтоох байгууллагад хамгийн их авлигын асуудал байна. Мөн Татварын алба, Гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа явуулахад хамгийн их саад учруулж байгааг судалгаанд дурджээ.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин