СӨХ-ны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх журам шаардлагатай гэв

СӨХ-ны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх журам шаардлагатай гэв

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах судалгааны Ажлын хэсгийг байгуулсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан тус Ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, "Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв" болон "Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ-уудын  журамд оруулах саналыг сонслоо.  
"Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ-д тусгай зөвшөөрөлтэй 36 байгууллага бүртгэлтэй ажээ. Эдгээр байгууллага нь 1057 барилга, орон сууцны 59.333 өрхийг ус, дулаанаар хангах ажлыг хариуцдаг байна. Айл өрхүүдийг ус, дулаанаар доголдолгүй хангахад хэд хэдэн бэрхшээл гардаг талаар тус ТББ-аас танилцууллаа. Ялангуяа ус, дулаанаар хангах үүрэг бүхий байгууллагуудаас шалтгаалсан гэмтэл, саатал элбэг гэдгийг эл зөвлөлийн гишүүн С.Баасанбат хэлэв. Тодруулбал, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын үеийн гэмтэл, хэрэглээ огцом өссөнөөс хэрэглээний халуун ус тасрах,  дулааны шугам сүлжээний гэмтэл зэрэг нь иргэдээс ирсэн гомдлын 63 хувийг эзэлдэг аж. 
Тиймээс тус холбоо Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас гаргасан "Эзэнгүй айлд ус алдсан, нийтийн эзэмшлийн босоо шугам солих тохиолдолд тухайн айлыг олох, айл өрхүүдийг бэлэн байлгах ажлыг СӨХ бүрэн хариуцах, хувийн өмчийн ОСНАА-н конторуудыг газар нутаг, үйлчлэх хүрээний радиусыг журамлаж олгох санал"-ыг дэмжиж буй аж. 
Харин "Хувийн орон сууц, нийтийн аж ахуй хөгжлийн төв" ТББ-аас оршин суугчдын дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн  инженерийн шугам сүлжээний заагийг баталгаажуулах, СӨХ-ны тухай хуулийг заалт бүрээр хэрэгжүүлэх журамтай болгох, оршин суугч нь ус, дулаан болон бусад хэрэглээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах зэрэг саналыг хэлсэн. 
Нийслэлийн ИТХ-ын Ажлын хэсэг ирэх долоо хоногт Сууц өмчлөгчдийн холбоо дээд зөвлөлийн саналыг сонсоно. Улмаар санал, дүгнэлтээ нэгтгэн, II улиралд багтаан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах юм.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen