Хүүхдээ гадаадын соёлоос хамгаалах бодлого хэрэгтэй

Дэлхий нийт даяаршихын хэрээр монгол уламжлал, ёс заншил уусан алга болсоор буйг хэн бүхэн мэднэ. Тэр тусмаа хүүхдүүд монгол өв уламжлал гэхээс илүүтэйгээр солонгос жүжигчдийг даган дуурайх нь олонтаа. Даяаршиж буй нийгэмд монгол хүүхдийн хүмүүжил төлөвшил тэгвэл ямар байх ёстой юм бэ. 

 

Эртний үгэнд дайсныг нь даръя гэвэл үр хүүхдийг нь өөрийн соёлоор тэжээ гэсэн байдаг гэнэ. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд үндэсний өв уламжлал алдагдаж бусад өндөр хөгжилтэй улс орны соёл зан заншлыг дагах болжээ. Гэвч улс орон бүр өөрийн өөрийн онцлогтой тул гадаад улс орныг зан үйлийг даган дуурайх нь үндэсний өв, ёс заншил үгүй болох аюултай. Тухайлбал, АНУ ӨАБНУ-д улс орон бүрээс цагаанчлан ирэгсэд ажиллаж амьдарч байдаг учир төрийн бодлогын гол зарчим нь эрх чөлөө болдог. 

Тэгвэл БНХАУ, ОХУ зэрэгт олон үндэстнийг нэгтгэсэн их гүрнүүдийн хувьд төрийн бодлогод эв найртай байхыг чухалчлан үздэг. Монголчуудын хувьд хүн амын 90 хувь нь халх. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн бодлогын тулгуур төв нь монгол гэсэн үзэл суртал байх ёстой. Энэ талаар  Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунтуяа "Дэлхийн олон оронд бусад улсад суугаа иргэддээ өөрийн орны түүх соёл, өв уламжлалыг таниулсан бодлого явуулдаг. Үүний үр дүнд жишээ нь, БНСУ-ын иргэд дөрвөн үеэрээ АНУ-д амьдарч байгаа ч үндэсний өв соёлоо бүрэн мэддэг, түүнийгээ судалж үр хүүхэддээ өвлүүлэн үлдээхээ ухамсарласан байдаг. Гэвч Монголд энэ бодлого алга. Монгол хүүхдэд монгол өв  соёлоо гэсэн сэтгэл байна. Гэсэн ч янз бүрийн нөлөөнд автах байдал их. Тэр нь танин мэдэхүйтэй холбоотой. Яагаад би монголоороо бахархах ёстой юм бэ, яагаад би үндэсний өв уламжлалаа авч үлдэх хэрэгтэй вэ гэдэг мөн чанарыг нь ойлгуулах шаардлагатай. Мөн төрийн бодлогод монгол хүнийг монголоор нь авч үлдэх. Монгол хүүхдээ гадаадын соёлоос хамгаалах бодлого дутагдаж байна.  Хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм. 

Хүүхдээ гадаадын соёлоос хамгаалах бодлого хэрэгтэй

 

Дэлхийд ёс заншлаа сайн хадгалж хамгаалж чаддагаараа Япон улс толгой цохиж явна. Учир нь, япон хүүхдүүдэд  эцэг эх нь багаас нь түүх соёлоо танин мэдүүлж бахархах үзэл суулгадаг. Тухайлбал, хүүхэдтэйгээ хамт аяллаар явж Фүжи уулаа үзүүлж, дунд сургууль төгсөхөд нь  эрэгтэй хүүхэд сэлмийн эрдэм, эмэгтэй хүүхэд цайны ёслолоо мэдэж төгсөх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэнэ. Хүүхэд өөрөө үндэсний өв соёлоо мэддэг болоод ирэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй суудаг гэдгийг эрдэмтэд баталжээ. 

Харин бидний алдаа бол гадаадын гэх аливаа юм бүхнийг даган дуурайх. Улс орон бүр өөрийн онцлогтой. Монголчуудын хувьд зоригтой, эсвэл монгол хүмүүсийн дасан зохицох чадвар өндөр гэдэг.  Гэхдээ яг аль нь вэ гэдгийг шинжлэх ухаан талаас нь судлах учиртай. Ингэж байж монгол хүүхдэд тохирсон хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн "Хүүхэд ба-шийдэл” эрдэм шинжилгээний уулзалтад оролцсон судлаа­чид хэлж байлаа. Монгол хүүхдийг хүмүүжүүлэх монгол аргыг монгол хүн л гаргана. Гадаадын хоол хүнс, хувцасыг ямар гоё амттай, сайхан юм гээд хэрэглэж болно. Гагцхүү толгойд нь орох мэдлэг, зүрх сэтгэлд нь хүрэх зүйлийг монгол хүн гаргаж ирэх ёстой гэдгийг хэлсэн. Иймээс Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгж­лийн газраас Засгийн газ­рын үйл ажиллагааны мө­рийн хөтөлбөрт Монголын үндэсний өв соёлыг суулгах,  дэд хөтөлбөр болгон хэрэг­жүү­лэ­­хийг зорьж байгаа юм байна. 

Нөгөө талаар, монгол­чуудын хувьд дээр үеэс хүүхдүүддээ хэлц үг хэлж сургаж ирсэн. Жишээ нь, хүн ахтай дээл захтай гэж хүүхдэд багаас нь өөрөөс ахмад хүмүүсийг хүндлэх ёстой гэдгийг энгийн хэрнээ мөн чанарыг нь ухаж  ойлгохоор сургадаг. Мөн гэр дотроо аавын суудал хаана байх вэ, ээж хаана суух вэ, гэрт зочин ирсэн үед гэдгийг орон зайн байдлаар нь ойлгуулсан байдаг. 

Хүүхдийн сэтгэхүйг өөрөө хүүхэд шиг байж ойлгодог гэдэг. Гэтэл цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид энэ хүүхдийг хүмүүжүүлж, сургах ёстой гэсэн байдлаар ханддаг. Жишээ нь, эцэг эхчүүд өглөө хүүхдээ цэцэрлэгт нь аваачиж өгөхөд багш нар ихэнх нь "Та сайхан амарсан уу” гэж эцэг эхтэй нь эхлээд харилцдаг. Уг нь, хүүхэдтэй амьд харилцаа тогтоох ёстой гэдгийг судлаачид хэлсэн. Тиймээс боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгчид энэ талын мэдлэг сургалтыг зохион байгуулах шаардлагатай байгааг хөндлөө.


Б.МЯГМАРЖАВ
Эх сурвалж: www.assa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen