Цар тахлын улмаас хагас сая америк хүн амиа алджээ

Цар тахлын улмаас хагас сая америк хүн амиа алджээ

 

Хөгжил дэвшлээрээ дэлхийд манлайлагч их гүрэн Америкийн нэгдсэн улс цар тахлын өмнө өвдөг сөхөрлөө. COVID-19  халдвараар нас барсан Америк хүний тоо 513 мянгад хүрч, дэлхийн II дайнаар амиа алдсан иргэдийн тоог  давлаа. Ийн амиа алдсан иргэдийнхээ дурсгалд зориулж даваа гаригт Цагаан ордны гадаа  лаа асааж хүндэтгэл үзүүлэв.

 Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Жо Байден “Ийм гашуун үйл явдлыг манай үндэстэн хүлээн зөвшөөрч чадахгүй. Бид цар тахлын эсрэг удаан хугацаагаар тэмцсээр ирлээ. Тоон мэдээлэл гэхээс илүү бодит амьдралд анхаарал хандуулах хэрэгтэй. Амиа алдсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлж, амьд үлдсэн хүмүүсийнхээ эрүүл мэндийн хамгаалахын төлөө анхааран ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Арванхоёрдугаар сараас хойш тус улсын халдвараар нас барагсдын тоо энэ долоо хоногт хамгийн их буурсан юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болон шинэ халдварын тоо буурсан ч вирусын шинэ хувилбарууд тархаж эхэлсэн нь Америкийг түгшээж байна. Энэ талаар Бэйлор анагаах ухааны их сургуулийн доктор Петер Хотез “Англиас тархсан  COVID-19-ийн B.1.1.7 хувилбар миний санааг үнэхээр их зовоож байна. Учир нь энэ хувилбарын тархалтаас үүдэн халдварын тоо хэд дахин нэмэгдэнэ. Тэгэхээр вакцингүйгээр нас баралт болон цар тахлыг зогсоох өөр боломж бидэнд алга” гэв.

Шинэ хувилбараар одоогийн байдлаар 1700 гаруй хүн халдварлаад байна. Энэ нь нийт халдварын 20 орчим хувийг эзэлж байгаа боловч дөрөвдүгээр сарын сүүлээр гэхэд 80 хувьд хүрч болзошгүйг Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн хэмжилт, үнэлгээний хүрээлэнгийн судлаачид анхааруулав. Судлаачдын баг “Дараагийн дөрвөн сард халдварыг хумьж чадах эсэх нь вакцины хүрээнээс хамаарна. Халдварыг бууруулахын тулд насанд хүрсэн хүмүүсийнхээ дөрөвний гурваас илүү хувийг вакцинжуулж, маскаа тогтмол зүүж, олон хүн цугларсан газраас зайгаа  барих шаардлагатай” гэж мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар 44.1 сая Америк хүн Pfizer-BioNTech болон Moderna вакцины эхний тунд, 19 сая нь хоёр тун вакцинд хамрагдаад байна. Энэ нь тус улсын нийт хүн амын зургаа орчим хувийг эзэлж байгаа юм. Америкийн нийт иргэдийн 70-85 хувь нь вакцинд хамрагдсаны дараагаар сүргийн дархлаа тогтох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen