Шүлэг минь-хүлэг минь...

Шүлэг минь-хүлэг минь...

 

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад
Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй
Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад
Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт
Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт
Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!
Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,
Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь
Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй
Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!
Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!
Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй
Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,
Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!
Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд
Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй
Зуур замын уртад ухаан, шандас сульдаад
Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
1977 он

Б.Явуухулан
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen