Ааваа, бид таны үргэлжлэл...
Сэтгэл зүрхэнд дурайтал тод мөр үлдээсэн зовлон жаргал, бартаа нугачаатай амьдралын он жилүүдэд идэр насаа гандтал, эр биеэ өвгөртөл бидний амьдралыг босгосон аавынхаа ачийг хариулах сан гэсэн бодол үргэлж сэтгэлд минь уяатай... (2010.11.17) Голоо тасартал харамсаад ч буцаад ирэхгүй үнэнд гүйцэгдсэн ч нутгийн уулсаа харан суухад аавын минь завилаад, уулсын орой ширтэн суугаа дүр зураг нүдэнд минь харагдаж, аавын тухай бодлууд хөвөрдөг...
Алс тэртээ уулсын оргилыг ширтэн зогсоно. Энэ уул хэчнээн сүрлэг уудам бас агуу юм бэ! Эргэн тойрныхоо сүр хүчин болон дүнхийж байх агуу уулын энгэрт нар салхинаас, хүйтнээс, айдсаас гээд олон зүйлээс нуугдаж болмоор санагдана. Миний бага насанд аавын минь энгэр яг л талын энэ уул шиг, уулын энгэр хормой шиг уудам бас зайтай, ямар ч зүйлээс хамгаалагдаж бас нуугдаж болохоор санагддаг сан. Сайхан байгаль, сайн хүн, хурдан хүлэг гурав шүтэлцэн төрдөг орчлонгийн жам ёсны биелэл болж ирсэн бидний хайртай аав эрхэс тэнгэрийн гэрэлт од болон, зүрх сэтгэлд минь үргэлж оршсоор байдаг билээ. Он жил улиран одохын хэрээр аавын минь дүр зураг улам бүр тодорно. Сэтгэлд хоногшин үлдсэн аавын минь тухай дурсамжийг юугаар ч орлуулшгүй эрхэм билээ. Аавтайгаа хамт өнгөрүүлсэн тэр л нандин холбоо насан туршийн минь дулаан энгэр, өмөг түшиг, өөр юугаар ч орлуулшгүй нөмөр нөөлөг болж байдаг.
Сайхан сэтгэлтэй хүний ажил үйлс аяндаа л бүтдэг гэдэгчлэн аав минь эрийн хийморьтой, наадамд гурван даваатай, гурван айрагтай эр хүн шиг эр хүн явсан даа. Аавыг байхад бидний амьдрал яг л үлгэр шиг байсан. Уяан дээр морьд багширч, хаа сайгүй адуу үүрсээд... нутгийнхан манайд цуглараад, хүмүүсийг аав минь хөгжөөгөөд л их шог хошин зантай хүн байсан.. Манай хонгор зээрд үрээ түрүүлж, хээр азарга гуравт хурдалж, мөн халзан даага гуравт давхисан 1986 оны наадам миний санаанаас ер гардаггүй юм...
Аав минь морь уяхаас гадна морь хатгах, эмчлэх ардын ухаанд гарамгай суралцсан хүн байсан. Наадмын дараа олон хүн адуугаа тууж ирээд морьдоо хатгуулаад явдаг байж билээ.
Үр хүүхэд бид тань хүнд тустай явах, зөөлөн зөв сэтгэхийг танаасаа л ухаарч, амьдралын ухаан, ажлын дөрийг танаас л суралцсан болохоор өөрсдийн босгосон амьдралдаа хүний дайтай хандаж, хань нөхөр, үр хүүхдийнхээ түшиг тулгуур нь болж явна аа. Энэ бүхнийг бурхны оронд заларсан аавын минь ариун сүнс харж зам мөрийг нь тэгшилж яваа гэдэгт итгэдэг.
Зэрэглээ татах талын дундаас урган гарах наран мэт тодрох хурдны морьдыг хараад сэтгэлдээ омогшиж байсан аавынхаа уужуу бодол, холч ухааныг хожуу ухаарсан ч бүхний түрүүнд бүүвэй эгшгээрээ хорвоог уярааж амьдрал, жаргал хайрласан ээжийгээ амьдад нь баярлуулж явах ухаарлыг та бидэнд өгсөн. Аав аа! бид таны үргэлжлэл... Үр ач, зээг тань таныхаа хайр халамж, үнэн үгээр хүмүүжүүлж, удам угсааг тань залгах болно.
Эх сурвалж: Ar nomt nomt