Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

Мадонна Луиза Циккон бол “Попын хатан хаан”. Та бүхэнд танилцуулах шаардлагагүй биз. Америкийн алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин, бизнес эрхэлдэг энэ эмэгтэй сая сая шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлийг өөртөө татаж, поп хөгжмийг байлдан дагуулж, Like Virgin (1984), True Blue (1986) зэрэг цомгуудыг гаргаж, Грэмми шагналын эзэн болж байсан юм.

Мадонна карьерийнхаа туршид маш олон зүйлд хүрсэн бөгөөд түүний бүтээлийг олон хөгжмийн шүүмжлэгчид магтаж байлаа. Өдгөө 61 настай хэдий ч тэр хөгжмийн салбарт оролцсон хэвээр.

Гэхдээ тэр алдар нэрийн оргилд хүрч, поп хөгжмийн дүр болохоосоо өмнө ямар байсан бол гэж төсөөлж байсан уу?

“1983 оны 5 дугаар сарын эхээр ээж маань над руу залгаад Мартин Скорсезийн “The Last Temptation of Christ” хэмээх шинэ кинонд тоглож байгаагаа хэлсэн бөгөөд тэр зураг авалтад оролцсон нэгэн эмэгтэйгийн тухай ярьсан нь Мадонна байсан юм. Би түүнтэй өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй. Тухайн үед би карьераа дөнгөж эхлүүлж байсан бөгөөд харизматик сэдвүүдийг эрэлхийлж байсан учир би түүний зураг авалтыг зөвшөөрсөн юм. Мадоннагийн сонгогдсон дүр нь Магдалена Мариагийн дүр байв. Мадонна тэр дүрд тоглоогүй боловч Мадоннатай хийсэн уулзалт, 80-аад оны эхэн үеийн Нью-Йорк хотын Lower East Side дахь амьдралын хэмнэл нь надад урам зориг өгч байсан.” гэж Ричард Корман Bored Panda-д өгсөн ярилцлагадаа дурссан юм.

Мадонна хэрхэн алдартай болохыг мэргэжлийн гэрэл зурагчин Ричард Кормман мэдэхгүй байв. Гэвч тэр Мадоннагийн зургуудыг сонирхолтой, үнэ цэнэтэй зүйл гэж үзжээ. “Тэр өмнө нь надтай уулзаж байсан хүн шиг, бас зоригтой шийдэмгий байсан! Өөрийгөө бий болгох гэж хичээж байхдаа тэр үнэхээр гайхамшигтай харагдаж байсан.” гэж гэрэл зурагчин дурссан юм. Тэр үед Мадонна дөнгөж 24 настай залуу эмэгтэй байсан төдийгүй амжилтанд хүрч, урлагаараа дэлхийг өөрчлөхийг хүсч байв. 

Та бүхэн түүний сүүлд гаргасан “Madonna NYC 83” гэрэл зургийн номонд орсон зургуудаас харж байна.

Өөдрөг, тачаангуй, өөртөө итгэлтэй Мадоннагийн хар, цагаан гэрэл зургуудыг та харж байна. Түүний зүүсэн бугуйвч, давхар жинсэн өмд, хүзүүндээ зүүсэн цагаан сувд, тод улаанаар будсан уруул нь хожим түүний дүр төрх болжээ.

Тухайн үеийн 29 настай Ричард Корман хөгжимчид, жүжигчид, зураачид, тамирчид, зохиолчид болон бусад алдартай хүмүүсийн гэрэл зургийг буулгаж байв. Тэрбээр Мухаммед Али, Майкл Жордан, Билл Клинтон, Роберт Де Ниро, Пол Ньюман, Аль Пачино, Мартин Скорсезе, Элли Визель болон бусад олон хүний хөргийг авч байжээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл түүний хамгийн алдартай цуврал бол “Мадонна NYC 83” юм. 

Бэлтгэсэн: Б.Нямзул

 

Ugluu.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen