Чингис бондын өрийг "чимх чимх"-ээр ардууд төлнө гэв үү

Чингис бондын өрийг "чимх чимх"-ээр ардууд төлнө гэв үү

 

Саяхандаа саяхан хэдэн зуун саяар нь эдийн засгаа сайжруулна гэж эрх баригчид "улсаа барьцаалж” Чингис бонд гэгчийг гаргаж, түүгээрээ үндэсний үйлдвэрлэгчид бүтээнэ гэсэн сэтгэлтэнгүүдийг дэмжинэ гэхчилэн сүрийг үзүүлж байсансан. Тухайн үед байсгээд л зурагтаар чингис бондын санхүүжилт авсан гэх компаниуд чухам л одоо л эдийн засгаа дотоодын нөөц бололцоогоор хангана гэж биднийг хэдэнтээ "тархидаж” байсансан. Энэ жил болон ирэх 2018 оноос манай улс Хөгжлийн банкнаас авсан бонд, "Чингис" бондын төлбөрийг хийх ёстой. Тухайлбал, энэ  онд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар төлөх ёстой.

 

 Гэтэл нохойн дуу ойртож, өр төлөх цаг ойртсон үед өнөөх дэмжлэг авч тэтгэлүүлсэн компаниуд өр ширээ төлөөгүй юм уу, нийлээд идээд уучихдаг юм уу бүү мэд. Өр төлөх хүн олдохгүй өнөөх падлийчгүй хэдэн ардаасаа хандив авна гэнэ шүү. Тэгэхдээ бас алт мөнгөн эдлэлээ ч хандивла гэнэ. Тодруулбал, өчигдөр буюу

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Монголын ард түмэн, бүх аж ахуйн нэгж, байгууллагыг эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандивын хөдөлгөөнд уриалж байгаагаа өчигдөр /2017.01.30/ зарлав. Зүгээр ч нэг зарлаад зогссонгүй, хандивын эхлэл болгон 10 сая төгрөг, 10 адуу, зүүж явсан алтан бөгжөө өргөжээ. Тэрбээр, "Найман настай балчрууд 1000 төгрөг хандивлаж, түүнээс дээшлэн мянга мянгаар өсгөсөн хандив өргөх тооцоо гаргажээ. Найман настай хүүхдүүд 1000, есөн настай бол 2000 гэх мэтээр 30 хүртэл 1000 төгрөгөөр өсгөн 30 настай залуучууд 22 мянган төгрөгийн хандив өгөх өжээ.  31-40 насны хүмүүс 150.000 төгрөг, 41-50 насны хүмүүс 200.000, 51-ээс 60 насны хүмүүс 150.000, 61-70 насны хүмүүс 50.000, 71-ээс дээш насны хүмүүс тус бүр 20.000 төгрөг хандивлахад улсын хэмжээнд 214 тэрбум төгрөг хуримтлуулж одоогийн үүсээд буй эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэж тооцсон байна. Иргэдээс гадна төрийн дунд болон өндөр албан тушаалтнууд, мөн аж ахуйн нэгжүүдээс албан тушаал, орлогын зөрүүг харгалзан ялгавартай хандив авбал 425 тэрбум төгрөг цугларах боломжтой” гэсэн мэдээллийг ахмад эдийн засагч Б.Осоргарав гуай мэдэгдлээ.

Түүний эл уриалгыг дэмжиж өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар улсыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд хандив өргөх болсон талаараа мэдээллээ. Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд  эдийн засгийн хямралаас гарахын тулд ард иргэд төрдөө хандив өргөх санаачилга гаргасныг дэмжиж, уг санаачилгад нэгдэж буйгаа гишүүд илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Парламентад орж ирэхээсээ өмнө миний бие хувийн бизнес эрхэлж байсан. Удирдаж байсан компаниасаа тодорхой хэмжээний ашиг авдаг. Ашгаасаа 100 сая төгрөгийн хандив өргөж байна.

Мөн миний удирдаж байсан компанийн захирал энэхүү уриалгад нэгдэхээ илэрхийлсэн. ТУЗ-ийн хурлаараа асуудлыг оруулж, хэлэлцээд шийдвэрлэнэ гэсэн.

Эдийн засаг хямралтай байгаа ч ажил алба эрхэлдэг төрийн албан хаагчид, бизнес нь тодорхой хэмжээнд сайн явж байгаа хувийн хэвшлийнхэн бүгд энэ санаачилгад нэгдэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд улсаа хямралаас гаргахад зориулж хандив өргөх санаачилга гаргасныг  өнөөдрийн сониноос уншиж мэдлээ. УИХ-ын хэсэг гишүүд хоорондоо ярилцаад, энэхүү уриалгад нэгдэхээр шийдвэрлэсэн. Их, бага нь хамаагүй өөрсдийн боломжийн хэмжээнд хандив өргөнө. Гуравдугаар сард евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөхөд төрдөө хувь нэмрээ оруулья гэж байгаа юм. Энэ сайхан санаачилга ард түмнээс гарсан. Үүнийг УИХ-ын гишүүд бид дэмжээд нэгдэж байна гэлээ.

Мөн "МОННИС" групп 100 сая төгрөг, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлажээ.

Түүний эл уриалгыг сайшаах нэгэн буй ч үл ташаах ард даанч олон. Арга ч үгүй биз. Эрх баригчдын их өрөнд найман настай хүүхэдтэй айл хүртэл хүүхдийнхээ өмнөөс 1000 төгрөг төлөх болчихоод байхад хэн баярлах билээ дээ. Анхнаасаа эрх баригчид бондын мөнгөө зөв захиран зарцуулсан бол хожим нь амаа барьж албатай юм шиг хандив гуйх ядмаг арга үлдэхгүй л байсан байх.

Ямарсайндаа л эрх баригчдын өмнөөс ахмад эдийн засагч алсын харсан шийдвэр гаргаж төрийн өмнөөс боож үхэх шахаж байна. Түүний энэ санаачлагыг хэрэгжүүлээд хямарлаас гарсан улс бол  ээмэг бөгжний аяныг хэрэгжүүлсэн  БНСУ. Тус улсад  1997-1998 онд тохиосон эдийн засгийн хүндрэлийг даван туулахад  ард иргэдийнх нь хандив тус болсон гэдэг. Солонгос улс тухайн үед ОУВС-гаас 58 тэрбум ам.долларын зээл авч байжээ. Зээлийг буцаан төлөхөд бэрхшээл тулгарч, иргэд нь зүүж явсан ээмэг бөгж, алт мөнгөн эдлэлээ хандив болгон өргөж байжээ. Иргэд 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаасан гэсэн мэдээлэл өнөөг хүртэл хадгалаастай. Солонгосчууд алт, мөнгөн эдлэлийн аянаа "Хайрын худалдаа” хэмээн нэрлэж байсан бөгөөд уг аянд  3,5 сая хүн нэгдсэн нь тухайн үеийн нийт хүн амынх нь ¼ нь байжээ. Хүн тус бүр 65 гр алт буюу 640 ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өргөж байжээ.  Түүнээс бүүр өмнө, хорьдугаар зууны эхээр /1903 онд/ тус улсад  өмн ийм хандивын аян өрнөж байсан түүхтэй. Энэхүү түүхээрээ тэд бахархаж, "Эх орноо гэх сэтгэл энэ мэт жижиг зүйлсээс л эхэлдэг” хэмээн өгүүлдэг. Тэрхүү хайраа дахин дахин илэрхийлэх зориг тэдэнд бий. Гудамжинд хэн нэгний санаандгүй унагасан хогийг түүж авахдаа огт ичдэггүйн дээр урдах ажлаа л ягштал хийхийг эрхэмлэх нь солонгосчуудын хувьд зуршил болсон зүйл. Бүгдээрээ дээд сургууль руу хошуурч, бөөнөөрөө эрх мэдлийн төлөө тэмцдэггүйгээрээ тэд биднээс өөр. Бас эх орноо хайрлахдаа чихний ээмэг, хүзүүний зүүлт, гарын бөгжөө гар таталгүй өгч орхидог "муу зан”-тай.

Харин манайд энэ нөхцөл байдал шал өөр гэдгийг хэлэх гэсэн юм. Бид туршлагатай орноос санаа авч болох ч эргээд иргэд тэдэнд итгэх итгэлээ хэдийнэ алдсан тул алт мөнгөн эдлэлээ тайлаад өгөх хүн тэр бүр олдохгүй л болов уу. Улс орныхоо ирээдүйг шийдэх сонгуульд гуйж түйж иртлээ цөхөрсөн ард та нөхдийн нийлж тавьсан өрийг даралцахдаа тийм ч таатай хандахгүй болов уу гэж эмээх юм. Угтаа сайн үйлсийн аян хөрөнгө бэлтэй хүмүүс тэргүүлэн оролцох нь юутай сайн. Гэвч өгөх авах хоёрын хооронд асар том зөрөөтэй тул өгсөн нь өгсөн шиг өгөөд хуулга юугаа харуулвал өнөөх хэдэн ард нь буруу харж суухгүй дээ. Бодох л бодол, санадаг л санаа.

Б.Наран 
http://news.amjilt.com/chingis-bondiin-uriig-chimh-chimh-eer-arduud-tulnu-gev-uu
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen