‘’Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” аянд идэвхтэй оролцоно уу
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” анхдугаар аяныг зохион байгуулж байна.
Тус аян нь ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарт инноваци нэвтрүүлэх, шинэ санаа, шинэлэг технологийг сурталчлах, хэрэглэгчдийн хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, хандлагыг өөрчилж, эерэг, соёлтой үйлчилгээг хүргэх зорилготой билээ.
Энэхүү аян нь 2019 оны 08 дугаар сарын 12-оос 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ахуйн үйлчилгээний газруудын орчны тохижилт, ногоон байгууламж, хаяг гэрэлтүүлгийг сайжруулж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ санаа, тэргүүн туршлага, шилдэг технологийг сурталчлах, туршлага солилцох сургалтыг зохион байгуулах юм.
Түүнчлэн дүүргийн “Үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн-2019”-ыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой хяналт шалгалтыг явуулах юм.
Аянд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуй нэгж байгууллага, хороодыг шагнаж урамшуулах бөгөөд тус аяны удирдамжийг танилцуулах, нээлтийн арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагт дүүргийн Чуулганы танхимд болно. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.