Ухаантай нохойны тухай гайхалтай түүх
Зохиолч, сэтгэлзүйч, профессор Стэнли Корен хүний үнэнч нөхөр нохойн тухай гайхалтай түүхүүдийг цуглуулж, хэдэн арван ном бичсэн нэгэн. Тэрбээр нохойг хүн шиг ухаантай гэж үзэж болох уу гэсэн асуултад мэргэжилтнүүдээс хариулт авахыг хүсдэг ч, өөрөө тэдний тухай гайхалтай түүх ярьж өгдөг.
Стэнли Корэн “Би Бельгийн Гент хотод нохойн сэтгэх үйл явц хэрхэн бий болдог тухай хэд хэдэн удаа лекц уншиж байсан. Нэг удаа лекцээ уншсаны дараа цугларсан олон цайны завсарлага авахаар гарсан юм. Гэтэл нэг эмэгтэй над руу дөхөж ирээд ярих зүйл байгаагаа хэлсэн” гэжээ.
Бүсгүй “Та манай өвөө Жейкоб Ласкер болон түүний нохойн тухай түүхийг сонирхоно гэж бодож байна” гэж хэлээд нохой гэдэг амьтан юу боддог, ямар ой сайтай амьтан болохыг хэлж өгчээ.
Бүсгүйн өвөө буржгар үстэй, пудель, терьерийн эрлийз нохойтой байжээ. Өвөө нь нохойгоо Краус гэж дууддаг байсан нь “Тогтворгүй, сахилгагүй” гэсэн утгатай байж. Тухайн үед ЖейкобЛаскер Австрийн Вена хотод амьдардаг байсан бөгөөд тамхийг ч ёстой нэг угсруулдаг нэгэн байсан гэнэ. Тэрээр амарчлах гэсэндээ ч тэр үү, Краусын аманд мөнгө зуулгаад тамхины мухлаг руу гүйлгэж сургажээ. Тамхины мухлагийнхан ч нохойг сайн мэддэг байсан бөгөөд долоо хоногт хэдэн удаа ингэж явдаг нохойг ойр хавийн оршин суугчид ч андахаа байжээ.
Нэгэн удаа Жейкоб Чехийн нийслэл Прага хот руу шилжиж, жижигхэн дэлгүүрүүдтэй гудамжинд ирж суурьшив. Дэлгүүрүүдийн дунд тамхины мухлаг байсанд өвөө ч олзуурхаж, нохойгоо худалдагчтай нь танилцуулсан байна. Худалдагч нохойгоор тамхи зөөлгөнө гэдэгт эхлээд гайхсан боловч түүнд үйлчилнэ гэдгээ амлаад, Краусын толгойг илж гэнэ.
Ингээд маргааш нь Жейкоб өвөө Краусынхаа аманд зоосон мөнгө зуулгаад, хаалгаа нээж, тамхинд гүйлгэжээ. Тэрээр Краусыг юу хийхээ мэднэ гэж найдсан аж. Нохой ч сүүлээ шарвалзуулсаар тамхины мухлагийн зүг гүйжээ. Гэвч хэдэн цаг боллоо. Нохой ирсэнгүй.
Өвөө пальтогоо өмсөж, тамхины мухлаг руу гарлаа. Гэтэл мухлагийн эзэн Краусыг ирээгүй гэж хэлжээ. Хажуугийн гудамжаар хайж үзтэл, бас л байдаггүй.
Жейкоб түгшиж эхлэв. Тэрээр Краусыг шинэ хотод ирээд төөрч дээ гэж бодон, нохойн асрамжийн газраас сураглав. Тэгээд Краусыг амьд, үхсэн аль нь ч бай, заавал холбоо бариарай гээд хаягаа үлдээчхээд гэртээ харьжээ. Хэд хоног өнгөрлөө. Краусаас сураг гарсангүй. Өвөө ч ухаантай нохойгоо дахиж харахгүй нь гэхээс сэтгэлээр унаж эхлэв.
Гэтэл дөрөв дэх өдөр хаалгыг нь хэн нэгэн самардаж байгааг олж сонсчээ. Өвөө сандран очиж, үүдээ нээвэл Краус тоос тортогт дарагдчихсан, сарвуунаас нь цус урсчихсан зогсож байв. Хөөрхий нохой ядарч, өлссөндөө болон арай ядан хөл дээрээ дэржигнэнэ.
Жейкоб нохойгоо эргэж ирсэнд баярлан, тэвэрч авах гэтэл Краус гар дээр нь нэг юм тавьжээ. Гайхан хартал Прагаас 120 км-ийн зайд орших Вена хотын ганц үйлчлүүлдэг тамхины мухлагийнх нь шошго бүхий хайрцаг тамхи байх нь тэр. Хөөрхий нохой даалгавраа маш сайн гүйцэтгэжээ.
Зохиолч, профессор, Стэнли Корэн “Энэ түүх надад үнэхээр гайхалтай санагдсан. Үүнийг ярьж өгсөн эмэгтэй ч үнэн, бодит түүх хэмээн баталж байлаа. Тиймээс би сонссон бүхнээ та бүхэнд дамжууллаа. Энэ бол нохой гайхалтай ой тогтоолттой, бидний боддогоос ч илүү ухаантай гэдгийг батлах олон тохиолдлын нэг” хэмээн ярьсан байна.
Б.Дөлгөөн
Эх сурвалж: bankhar.mn