Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

 

Дэлгэр зунаар дэнж хотойтол наадах нь сайхан ч энэ үеэр унаач хүүхдүүдийн  асуудал илүүтэй хөндөгддөг нь харамсалтай. Тиймээс төрөөс зохицуулалт шаардаж, уяачдын чихнээс хонх уяж ирсэн унаач хүүхдийн асуудлыг хэрхэвч мартах учиргүй. Ганцхан баримтыг эргэн сануулахад 2017-2018 онд 121 мянган морийг 71 мянган хүүхэд унаж уралдсанаас 942 нь мориноос унасан. Үүнээс 22 нь хүнд гэмтэл авч, нэг хүүхэд тахир дутуу болсон. Тэгвэл энэ жилийн үндэсний их баяр наадмаар  хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах, тэр дундаа унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдээллийг хүргэе.

Хурдан морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар “Эрлийз, монгол  морьдыг тусад нь уралдуулна. Ингэхдээ унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журмыг онцгой анхаарна. Долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн, 11-ний өдөр азарга, их нас, 12-нд соёолон, даага  уралдана. Харин 13-нд уяачдын наадам болно. Энэ үеэр эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан морьтон монголчууд үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүхрийн буултын үзүүлбэрийг үзүүлэхээр бэлтгэсэн.  Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэлээ.

Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Бид шуурхай, шударга ажиллана” хэмээлээ. Харин унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг ажиллуулахаар болж байгаа” гэлээ.

Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан хуудас, даатгалын гэрээг бүрэн байлгах ёстой юм байна. Түүнчлэн олон нийтийн шүүмжлэл дагуулдаг хурдан морины уралдаан  дагах  машинуудыг цэгцлэх тал дээр зохион байгуулагчид ажиллаж байгаа юм байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу  хурдан морь унаач хүүхдийг осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр 11 даатгалын компани ажиллахаар  Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлжээ. Хуульд зааснаар даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцох юм байна.  Унаач хүүхдийг гэнэтийн осол, эрсдэлээс даатгуулахдаа,  хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь төлөөлж даатгалын гэрээ байгуулах бөгөөд даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь үнэлгээ, эрсдэл зэргээс хамааран харилцан адилгүй тооцогдох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen