Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авжээ
2018 онд Канад улс дэлхийн бүх улсуудаас хамгийн олон цагаач хүлээн авч, АНУ-ыг анх удаа ардаа орхисныг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар өчигдөр мэдээлжээ. Өнгөрсөн онд тус улс 28,100 цагаач хүлээн авсан нь цагаачдын тоог бүртгэж эхэлсэн 1980 оноос хойш анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн тохиолдол болсон байна. Харьцуулбал Канадаас ойролцоогоор 10 дахин их хүн амтай АНУ өнгөрсөн онд 23,000 цагаач хүлээж авчээ. Гэтэл 2016 онд тус улс 97,000 цагаачийг гадаад орнуудаас хүлээн авч байв.
АНУ-ын огцом уналт нь Дональд Трампын засаг захиргааны хатуу бодлоготой холбоотой ажээ. Хүн амтай нь харьцуулбал хүлээн авсан цагаачдын тоогоор Канад улс мөн дэлхийд тэргүүлсэн байна. Нэг сая иргэнд ноогдох цагаачдын тоо энэ улсад 756 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Канадын дараа Австрали 510, Швед 493, Норвеги 465 цагаачтай удаалжээ. АНУ-ын нэг сая иргэнд оногдох цагаачийн тоо 2018 онд дөнгөж 70 хүрсэн байна. Дэлхий даяар өнгөрсөн онд дайн самуун, хавчлагын улмаас нийт 70 сая гаруй хүн амьдарч байсан газраасаа дүрвэж явсныг өчигдөр танилцуулсан НҮБ-ын тоо баримт харуулжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: The Guardian