Монгол Улс цагаач иргэдийн квотыг тогтоолгүй долоон жил боллоо

Монгол Улс цагаач иргэдийн квотыг тогтоолгүй долоон жил боллоо

 

Манай улс 2012 оноос хойш цагаач иргэдийн тоог тогтоосонгүй. “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 9-нд  чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжээгүй юм. Тухайн үед “Монгол Улс дүрвэгсдийг орогнуулах гэж байна, жилд маш олон тоогоор цагаачийн зөвшөөрөл олгох гэж байна” гэх шүүмжлэлээр буцааж байсан удаатай. Гэтэл УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Монголд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай асуудлыг хэлэлцдэг бөгөөд энэ парламент тэр эрхээ  эдэлчихээд байгаа юм.

Ийнхүү долоон жилийн хугацаанд цагаач иргэдийн квотыг тогтоогоогүйн улмаас энэ хугацаанд Монголд цагаачлах хүсэлт шинээр хүлээж аваагүй байгаа аж. Харин зөвшөөрөлтэй иргэдийн хугацааг сунгаад явж байгаа. Цагаачлах иргэдийн хүсэлтийн хүлээж авахгүй байгаагаас үүдэж харьяат болох хүсэлт их ирэх болсон талаар Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр хэллээ.

Одоогийн байдлаар манай улсад 15 орны 1959 цагаач иргэн бүртгэлтэй байгаагийн 80 гаруй хувь нь олон жил манай оронд ажиллаж, амьдарч ирсэн хүмүүс байдаг бөгөөд эдгээрийн 387 нь 0-16 насны хүүхэд, 593 нь 19-40 насных, 582 иргэн нь 41-60 насных, үлдсэн 350 иргэн нь 60-аас дээш настай хүмүүс байгаа аж.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас бага тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай юм. Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг өнгөрсөн жил чуулганы хуралдаанд оруулж байсан юм. Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар. Үүний дотор ОХУ, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгаж байжээ. Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт дөрвөөс дээшгүй, бусад аймагт хоёроос дээшгүй байхаар тусгасан байв. Тухайн үед Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “ Цагаач бол орогнол хүсч байгаа хүмүүс биш. АНУ-ын “Ногоон карт” хүсч байгаатай ижил. Энэ хүмүүс тухайн орныхоо иргэншилтэйгээ байдаг. Монгол Улс жилд дунджаар 4-5  хүнд цагаачлах статус олгодог. Тодруулбал, 2011 онд хоёр хүнд, 2012 онд зургаа, 2013 онд огт олгоогүй бол 2014 он найм, 2016 онд дөрөв, 2017 онд хоёр иргэнд тус тус шинээр цагаачлалын статус олгосон байдаг. Төсөл дэх 100 гэдэг тоо бол энэ хэмжээгээр олгоно гэсэн асуудал биш. “100 хүртэл” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүнд ч олгож болно гэдэг лимитийг тогтоох, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа” гэдгийг тайлбарлаж байв. Мөн чуулганы хуралдааны үеэр Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд дөрвөн жилд нэг удаа үүнтэй  холбоотой асуудлыг хэлэлцдэг ч өнгөрсөн хугацаанд огт хэлэлцэгдээгүй явж ирснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байв. Гэсэн ч үүнээс хойш цагаач иргэдийн квотыг тогтоож чадаагүй байгаагаас цаасан дээрх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа юм.

Гэтэл саяхан Канад улс 2019-2021 онд нэг сая  цагаач хүлээж авахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Тэр дундаа 2021 онд 370 мянган цагаач хүлээж авах талаар тус улсын цагаачлалын асуудал хариуцсан сайд Ахмед Хуссен “Цагаачид, тэдний үр удам Канад улсын хөгжилд хэмжээлшгүй хувь нэмэр оруулсан. Манай улсын ирээдүйн амжилт энэ бодлогыг хэр сайн үргэлжлүүлж, цагаачдыг өөртөө хэр сайн уусган нийгэмшүүлэхээс шалтгаална” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen