Хууль бус цагаачид АНУ-аас Канад руу дүрвэх нь ихэсчээ
Амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын дагуу АНУ-аас албадан гаргахаас зайлсхийх үүднээс 20 гаруй хууль бус цагаач Канад руу нэвтэрчээ. Энэ тухай ням гарагт CBS телевиз мэдээлэв.
2 дугаар сарын 18-наас 19-нд Канад руу Америкийн Миннесота муж улсын хил, Канадын Манитоба мужаар дамжин 22 цагаач хүүхдүүдийн хамтаар нэвтрэн оржээ. Энэ маршрут нь хууль бус цагаачдын АНУ-ын нутаг дэвсгэрээс гарахдаа ашигладаг үндсэн маршрут зам нь юм. Манитобагийн цагдаагийн төлөөлөгч Роберт Сайринн-ы мэдээлснээр он гарснаас хойш хууль сахиулагчид хилийн энэ хэсэгт 99 дүрвэгчийг саатуулжээ. Мөн хууль бус цагаачид хилээр нууцаар нэвтрэхдээ чухамхүү амралтын өдрүүдийг ашиглахыг илүүд үздэг байна: өнгөрсөн амралтын өдрүүдээр дээрх маршрутаар Канад руу 27 хүн нэвтэрчээ.
Үүнээс өмнө Канадын хилийн албаныхан, 2016 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал Канад руу хуулийн дагуу болон хууль бусаар нийтдээ 410 хүн нэвтэрсэн бөгөөд тэд Канадад орогнол хүссэн гэж мэдээлж байсан юм. Яамныхан одоохондоо энэ талаар тайлбар өгсөнгүй. Манитобагийн Ерөнхий сайд Брайан Паллистер хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж байгаа тухай Холбооны эрх баригчдад мэдээлсэн ч Оттава хилийн хяналт шалгалтыг нэмэгдүүлэх бодолгүй байгаа аж. Түүний хэлснээр тус муж "дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн итгэл найдварынх нь гэр орон болсоор байх” аж.
АНУ Канад улс хооронд байгуулсан 2004 оны гэрээгээр орогнол хүссэн хүмүүс Хойд Америкийн энэ хоёр улсын аль нэгнийх нь зохих албанд өөрсдийн орогнох хүсэлтээ өгөх боломжтой байдаг байна. Хэрвээ орогнол хүссэн хүмүүс эхлээд АНУ-д ирчихээд, дараа нь хуурай замын хилээр Канад руу нэвтрэх юм бол дээр дурдсан гэрээний дагуу тэднийг буцаан албадан гаргах ёстой байдаг, учир нь АНУ бол аюулгүй орон, тиймээс тэндээ орогнол хүссэн өргөдлөө гаргах боломжтой байдаг байна. Гэсэн хэдий ч цагаачлалын тухай Трампын зарлиг гарснаас хойш АНУ нь дүрвэгсдийн хувьд аюулгүй улс байхаа больсон ба учир иймээс хууль бус цагаачдыг Канадаас албадан гаргах боломжгүй болжээ.
Трамп 1 дүгээр сард цагаачлалын бодлогыг чангатгах хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан билээ. 2 дугаар сарын 3-нд Сиэтлийн холбооны шүүх Ерөнхийлөгчийн цагаачлалын зарлигийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан юм. Улмаар АНУ-ын Хууль зүйн яам энэхүү шийдвэрийн талаар Сан Францискогийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч тус шүүх гомдлыг хүлээж аваагүй ба улмаар зарлигийн үйлчлэлийг зогсоосон шийдвэр хэвээр хүчинтэй үлджээ.
О.Барс
Эх сурвалж: Монцамэ