Ши Жиньпин анх удаа Умард Солонгост айлчлахаар боллоо

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаагаа Умард Солонгост айлчлахаар болсныг Синьхуа агентлаг Даваа гарагийн орой мэдээлжээ.

Тэрээр энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар Пёньянд саатах юм байна.

Пёньяны дэглэмийн гол ивээн тэтгэгч гэгддэг Хятад улсын төрийн тэргүүний айлчлал геополитикийн чухал ач холбогдолтойд тооцогдож байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад Бээжингийн оролцоо голлох үүрэгтэйгээс гадна Америк-Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайнд энэ айлчлал нөлөө үзүүлэх юм.

Өнгөрсөн хугацаанд Ким Жон Ун дөрвөн удаа Хятадад айлчилсан бол Ши Жиньпиний хариу айлчлал хэзээ болох талаар мэдээлэл өнөөдрийг хүртэл ил болоогүй байв.

Энэ сарын сүүлээр Японы Осака хотод “Их 20”-ын чуулган болох гэж байгаа бөгөөд энэ үеэр Ши Жиньпин Дональд Трамптай уулзах төлөвтэй байгаа. Трамптай уулзахаас хэдхэн хоногийн өмнө Умард Солонгост айлчилж байгаа нь Вашингтонд илгээж буй чухал дохио болохыг судлаачид онцолж байна. Өөрөөр хэлбэл Бээжингийн гарт ямар том хөзөр байгааг АНУ-ын засаг захиргаанд сануулах зорилготой айлчлал гэж дүгнэжээ.

“Их 20”-ын уулзалтын өмнө, эсвэл хойно АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн холбоотон Өмнөд Солонгост айлчлах магадлалтай байгаа юм.

Хамгийн сүүлд 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао Умард Солонгост гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны талийгаач эцэг Ким Жон Илтэй уулзаж байжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Э.СЭМҮҮН, IKON.MN

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen