Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын агентлаг биш

Хэнтийгээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга тааруухан асуудалд нэр холбогдож 2018 оны зургадугаар сарын 14-нд тахимаа өгч байлаа. Түүнээс хойш тойрогт нь болох нөхөн сонгуулийн дуулиан тасрахгүй үргэлжлэв. УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 62 дугаар тогтоолыг баталсан.

 

Энэ тогтоолыг Хэнтийн аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар “Төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Түүнийг нь 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн дүгнэж, дээрх тогтоолыг түдгэлзүүлэх 10 дугаар дүгнэлтийг гаргасан байдаг.

 

Үүний дараа 2018 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдийн УИХ-ын холбогдох Байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Тэр үеэр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа УИХ Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй. Иймд Үндсэн хуулийг зөрчөөгүй болно гэсэн тайлбарыг Цэцэд өгсөн”гэж байв. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт нь нэг хүний эрхийг хамгаалахын тулд Хэнтий аймгийн сонгуулийн 42 дугаар тойргийн 14 мянган сонгогчийн сонгох эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж харж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн албан хаагч нь төрд тангараг өргөсөн учраас жирийн иргэн жирийн албан хаагчтай адилгүй. Иймээс Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй”, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Ер нь цаашид төрийн албан хаагч улс төрд орох гэж байгаа бол энэ асуудлаа нэгмөсөн шийдээд тэр замаараа явдаг, харин төрд ажиллах хүсэлтэй бол өргөсөн тангарагтаа үнэнч байж чин шударгаар ажиллах зарчмыг Сонгуулийн тухай болон Төрийн албаны тухай хуульд суулгаж тов тодорхой болгож өгөх шаардлагатай” гэж байлаа.

 

Ингээд санал хураалт явуулахад Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Гэсэн ч ингэж Хэнтийн нөхөн сонгууль эхний удаад “STOP” болсон юм. Ингэж явсаар 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-аас дахин 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоолыг гаргав. Үүний дагуу СЕХ бэлтгэл ажлаа хангаж, намууд, бие даагчид нэр дэвшигчээ тодруулах зэргээр үйл ажиллагаа явагдаж эхлээд байсан юм.

 

Гэтэл Судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн Цэцэд хандаж,  Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн  49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг гаргажээ. Бас нэр бүхий иргэд 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргасан юм.

 

Тэдний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, мэдээллийг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр хийхээр товлосон. Тэр өдөр нь уржигдар тохиож Цэцийн шийдвэр дуншиж дуншиж оройхон гарав. Энэ хооронд Үндсэн хуулийн Цэцийн гадна болоод өөр бусад газруудад “Бандааштай” жагсаал, бусад эсэргүүцлийн цуглаан, арга хэмжээнүүд болж байлаа.

 

Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “УИХ-ын 2018 оны “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ. Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон УИХ-ын 2019 оны 22, 23 дугаар тогтоол тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж, тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэсэн дүгнэлтийг гаргаснаа танилцуулсан юм.

 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц Судлаач Д.Ганхуягийн тавьсан асуудал буюу олон нийтийн дургүйцэл, эсэргүүчлийн төвд очсон Д.Гантулгыг чөлөөлсөн асуудлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв. Харин есөн сарын өмнө шийдэж байсан “туршлага”-аараа УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн  22 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлээ. Иймээс УИХ энэ дүгнэлтийг хүлээж авсан, аваагүй Хэнтийн нөхөн сонгууль явагдахгүй болчихож байгаа юм.

 

Ер нь Хэнтийн нөхөн сонгууль яагаад явагдаж болохгүй вэ. Нөхөн сонгууль болж 42 дугаар тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй болох нь хэний эрх ашгийг зөрчих гээд байна вэ гэх зэргийн давхардсан олон асуулт гарч ирж байна. Өмнө нь энэ сонгуулийг хойшлоход гомдол мэдээлэл гаргасан хүн нь Ерөнхий сайдын хамгаалагчийн хадам ээж болж таарсан. Энэ удаад хойшлуулсан хүмүүсийн “ургийн бичиг”-ийг хөөвөл бас л сонин холбоос гарч ирэх шинжтэй.

 

Хаанаас нь ч харсан, Хэнтийн нөхөн сонгуульд тавсан эдгээр тээг санаандгүй явдал биш нь тодорхой юм. Уг нь “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн Цэцийн анхны дарга Г.Совд агсны үг байдаг. Элдвийн зөрчил харагдсан ч ийм байгаасай гэж бид хүссээр л ирсэн. Гэвч энэ үг ул болж үлдэж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүдээс улам тодорхой харагддаг боллоо. Улс оронд тоглож болдоггүй, хөндөж болохгүй эрхэм дээд зүйл гэж бий. Тэр нь Монгол Улсын тусгаар тогтнолын тулгуур болсон, монгол хүний үндсэн эрхийн хамгаалагч болсон Үндсэн хууль юм. Тиймийн тулд Үндсэн хуулийг сахин хамгаалах үндсэн үүрэгтэй Үндсэн хуулийн Цэц хэний ч нөлөө, хамааралд үл автах ёстой.

 

Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцэд орж ирсэн сүүлийн үеийн гишүүд, ялангуяа улс төрийн намд олон жил ажиллаж, улс төрийн албан тушаалууд хашиж байсан хүнээр Цэцийг удирдуулж байна. Цэцийн даргын нам өнөөдөр төрийг барьж, засгийг байгуулаад ажиллаж байгаа. Цэцийн шийдвэр ингэж гараад байдаг. Тэгээд бод доо.

 

Ер нь бол Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд даргын арын өрөөгөөр орж гараад яваад байдаг байж таарахгүй. Тэгэхээр дараа нь Цэцийн дүгнэлт ийм л гарч байгаа юм. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэц бол Засгийн газрын агентлаг биш юм шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen