Дэлхийн нэгдүгээр дайны үеийн их бууны хулгайчийг хайж байна
АНУ-ын
Калифорни мужийн Ричмонд хот дахь ахмад дайчдын танхим дахь нэг тонн
жинтэй, 105 мм-ийн их бууг хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайд алдагдсан их
бууг Дэлхийн нэгдүгээр дайнд хэрэглэж байсан бөгөөд 1947 оноос эхлэн
Ричмондын ахмад дайчдын танхимд байрлуулж байсан юм байна. Орон нутгийн
цагдаагийн газрын мэдээлснээр их бууны хулгайчийн гэмт хэрэг үйлдэх
сэдэл нь түүхэн дурсгалт эд зүйлийг бусдад худалдах байсан гэнэ.
Их бууг алга болсны дараа хайгаад ул мөрийг олж чадахгүй байсан ч өнгөрсөн тавдугаар сарын дундуур их бууг худалдан авсан хүнийг олжээ. Худалдан авагч нь хулгайн их буу байсныг нь мэдээгүйгээ цагдаагийнханд мэдүүлсэн байна. Тэрбээр хулгайчаас их бууг 1200 доллараар авсан гэнэ.
Ричмондын цагдаагийн газрынхан удтал мөрдсөний эцэст хулгайч этгээд 44 настай Дези Адбуара гэгч болохыг тогтоосон байна. Мөн түүнийг Роланд Жозеф Гарсиа гэгчтэй хамтран хулгай хийснийг ч тогтоожээ. Хэрэг өнгөрсөн сарын 01-ний өдөр үүрээр гарсан бөгөөд гэмт этгээдүүд их бууг ачихдаа ардаа тэвштэй жийп машин ашигласан байна.
Эх сурвалж: Tumen.mn С.Дамдин