Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-аас дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргажээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэрийг тус намын дунд шатны байгууллагаас гаргасан байна
Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос намын дүрэм зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр түүнийг намаас хасжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас лавлахад "Намын дунд шатны байгууллагаас ийм шийдвэр гаргасан. Одоогоор албан бичиг нь удирдлагын түвшинд ирээгүй байна гэсэн хариулт өгөв.
Мөн Н.Алтанхуягийн туслахаас уг шийдвэрийн талаар тодруулахад "Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Намаас хассан талаар бидэнд мэдэгдээгүй" гэлээ.
Ямартай ч Н.Алтанхуягийн өөрийнх нь харьяалагддаг намын дунд шатны байгууллагаас түүнийг дөрөв хүртэл жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан байна. Намаас нь ийм шийдвэр гаргасан учир тэрбээр заасан хугацаанд ямар нэг сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
Н.Алтанхуяг нь 2018 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сарын 15-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
Тэрбээр яагаад чөлөөлөгдөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувиар надад цааш нь ярих, хийх олон ажил байна. Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний ярьсан юм нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад, Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг ингээд хэлчих гээд хэлүүлсэн мэтээр мушгиж гуйвуулаад байх юм.
Шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө хувь хүнийхээ хувиар бодсон зүйлээ чөлөөтэй хийе гэж бодож зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөж байна" гэж байсан билээ.
А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN