Визний зөвшөөрлийг ирэх сарын нэгнээс цахимаар олгоно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн визийг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамаар дамжуулан, харин 31-90 хүртэл хоногийн виз болон түр ирэгчийн визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газраас олгож байна. 

“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам” зэрэг хууль тогтоомжийг зөрчиж зөрчил гаргасан байгууллага, хуулийн этгээдийг судлан үзэхэд 2017 онд 35, 2018 онд 75 байгууллага, аж ахуйн нэгж 3-аас дээш удаагийн зөрчил гаргасан байна. Тухайлбал:   

Д/д Аж ахуйн нэгж байгууллага 2017 он 2018 он Нийт
1. Бөөрөгдэлийн элс ХХК   21 5 26
2. Дархан ээж шүтээн ХХК 5 13 18
3. Косинус инженеринг ХХК                 - 11 11
4. Монгол зам гүүр  ХХК             - 12 12
5. Оюун далай цаг ХХК - 15 15
6. Си эф си групп  ХХК                         - 19 19
7. Сод тэнгэр түшээ ХХК     4 14 18
8. Төв морьт хангай ХХК       12 10 22
9. Цадигт гэгээн ХХК                         - 10 10
10. Монлаа ХХК 10 - 10

 

Төрийн байгууллагууд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн бүртгэлийн систем гадаадын иргэн визийн зөвшөөрөл авах бүртээ шинээр материал бүрдүүлж өгдөг нь шат дамжлага ихтэй, хүнд суртал үүсгэх шалтгаан, нөхцөл болдог байна. Визийн хураамжийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр авахаар зохицуулсан байхад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 213 дугаар тушаалаар “Визийн наадаг хуудас”-ны төлбөр гэж 3 ам.доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тэмдэгтийн хураамжин дээр нэмж авахаар тогтоосон нь үндэслэлгүй төлбөр, хураамж гэж үзэх үндэстэй.

Шалган туслах ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хилийн боомт дээрх визийн зөвшөөрөл”, “Олон удаагийн бизнес ангиллын орох, гарах визийн зөвшөөрөл” гэсэн хоёр үйлчилгээг цахимаар шууд бүртгэж, хүлээн авч олгохоор шийдвэрлэлээ. Цаашид бусад төрлийн виз олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байхаар болов.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, Виз зөвшөөрөл харьяатын газраас үзүүлж буй үйлчилгээний онцлогоос хамаарч иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар гадаадын иргэдэд зориулсан хэлний сонголттой мэдээллийг нийтэд хүргэх, виз олгох үйл ажиллагааг цахимжуулах, үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байгаа хууль бус тушаалыг хүчингүй болгох, удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын зөрчлийн судалгааг гаргаж, хар жагсаалтад оруулах, гаргасан зөрчлийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид зөвхөн торгууль тавиад зогсохгүй гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх чиглэлээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг асуудлыг тусгасан Зөвлөмжийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүллээ.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen