2017 оны эхний хагаст гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

 

Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн зөрчил, 5.4 хувийг бусад зөрчлүүд эзэлж байна.

Албадан гаргасан гадаадын иргэдийг иргэний харьяаллаар нь авч үзвэл 54 хувийг БНХАУ, 15.5 хувийг БНАСАУ, 6 хувийг БНСВУ, 4.7 хувийг ОХУ, 19.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэдийг эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр харьцуулбал 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргажээ. Харин 2017 оны эхний хагас  жилд 148 гадаадын иргэнийг албадан гаргасан байна.

2017 оны эхний хагас жилд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог 2015 оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 111.4 хувиар тус тус буурсан байна.

Ийнхүү буурах болсон шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадын иргэдийн Монгол Улсад зорчих хөдөлгөөн багассанаас гадна сүүлийн үед хил дээрх хяналт шалгалт сайжирч зөрчилтэй иргэдийг хил дээрээс буцаах, хяналт шалгалт явуулж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж буйтай холбоотой аж. Түүнчлэн хууль эрх зүйн орчин сайжирч, гадаадын иргэдийн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ухамсар дээшилсэн байна.

 

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen