ТӨРИЙН НЭР БАРЬЖ ЛУЙВАР ХИЙДЭГ “ТӨГСӨРЧИХСӨН” ХУЛГАЙЧУУД
Төр ямар хүлцэнгүй юм бэ. Төрийн дээр гарч суусан хулгайч луйварчингууд ямар том юм бэ. Төрийн нэр барьж чадлынхаа хэрээр идэж ууж, хувьдаа завшчихаад тавьсан өрөө, тарьсан балагаа төрөөр төлүүлчихдэг “Жаст”-ын Ш.Батхүү, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарыг яалтай билээ.
Хэдхэн хоногийн өмнө “Жаст” группийн Ш.Батхүүгийн тавьсан өр зээлийг Эрдэнэт үйлдвэрээс тэглэв. Ингэж гадаад улсад өргүй боллоо, харин ч бидэнд баяр хүргэх ёстой гэж Шадар сайд болон Эрдэнэтийн удирдлагууд мэдээлэл хийсэн. Арай ч дээ, төрд мөнгө гэж байхгүй ард түмний татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг ойлгодог баймаар юм даа.
Тэгвэл уржигдар төв банкнаас Капитал банк дампуурч байгааг албан ёсоор зарлалаа. Ардын нам засаг барьснаас хойших 13 дахь банк ийнхүү дампуурлаа зарлаж байгаа юм байна. Эдийн засгийн хувьд тогтворгүй, цаашдаа үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон энэ банкийг татан буулгах нь зөв гэх ч төрийн болон ард түмний хадгалуулсан, эргэлтэд оруулсан их хэмжээний мөнгийг яах вэ. Хэдий 20 сая хадгаламжаас доош мөнгийг ХААН банкаар дамжуулж олгоно, иргэдийг хохиролгүй болгоно гэж байгаа ч төр эрсдэлд орох магадлалтай боллоо. Хадгаламж эзэмшигчид байдал эвгүйтсэнийг мэдсэн тул өнөөдөр жагсаал хийх гэж байна. Монголбанк болон АТГ-т газарт албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Төрийн нэр барьж “төгсөрчихсөн” хулгайчуудтай хэн хатуу хариуцлага хүлээлгэх юм бэ. Ямар замаар яаж хохирол барагдуулах вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татна.
Капитал банкийг дампууруулах гол үүргийг хэн гүйцэтгэв. Мэдээж УИХ-ын гишүүн Б.Ундармаа байгаа. Тэрбээр хөрөнгө мөнгөөрөө толгой баячуудын тоонд явдаг байж яагаад банкаа дампууруулав. Түүний хувьд ард түмний боломжийг булааж, банкаа тэтгэж ирсэн хэрнээ яагаад үгүй хийв.
Хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй, арилжааны банктай, "Бишрэлт", "Wellmart" сүлжээ дэлгүүрийн эзэн өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-аас зээл авсан нь илрээд буй.
Түүгээр ч барахгүй ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7.6 тэрбум төгрөгийн талыг өөрийн хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байдаг. 2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7,6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн “Капитал ” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулжээ.
Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог жижиг зээл юм.
Гэрээний хугацаа 2017 оны 09 сард дуусч, 2018 оны 03 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй луу унжсаар өнөөдрийг хүрсэн гэх.
Аудитын шалгалт оруулахад уг 7.6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар "эргэлдүүлсэн" гэсэн үг.
Одоо бол эрүүгийн гэмт хэрэгтэн болчихсон яваа. Хууль шүүхийн байгууллага хэрхэн ажиллахыг ямар хариуцлага хүлээлгэхийг цаг хугацаа харуулах биз.
Яагаад УИХ-ын гишүүн гэхээр хууль үйлчилдэггүй юм бэ. ЖДҮХС-аас зээл аваад зогсохгүй ажилгүй орлогогүй иргэдийн боломжийг дээрэмдэж, хувийн банкиндаа хөрөнгө оруулсан хэрнээ өнөөдөр дампууруулж байгаа юм бэ. Гэр бүлийн хүн нь Капитал банкны эзэн байна, өөрөө хувь эзэмшиж байгаа нь цаасан дээр хараар бичсэн байхад “Би зээл авсны мэдэхгүй. Би хувь эзэмшдэггүй” гэж мэлзэж худлаа хэлэхээсээ яагаад ичдэггүй, эмзэглэдэггүй юм бэ. Төрийн нэрээр ингэж ард түмний мөнгийг угааж хувьдаа завшиж идэх аргад суралцсан төгсөрсөн, төрөөс төрсөн хулгайч, луйварчид юм байна.
Капитал банк дампуурсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзаж “Улс төр” гэв. Ингэж хэлэхээсээ ичээч, та.
Орлогогүй, амжиргааны эх үүсвэргүй иргэдийн мөнгийг дээрэмдэж суухдаа юу бодсон бол доо. Капитал банкаараа дамжуулж, нийгмийн даатгалын олон тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан дуулианд ч холбогдож байсныг олон нийт мартаагүй байгаа шүү. Танд ёс зүй гэж байна уу. УИХ-ын гишүүн гэж сонгогчдодоо төлөөлөх ч эрх танд байхгүй шүү.
Капитал банк дампуурах сургаар “Алтжин”-гийн Г.Алтан ямар айхтар зальжин ажилласан юм бэ. Хэдхэн хоногийн өмнө түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг хурааж авч, сая төгрөг өгч байна гэсэн мэдээлэл гарч шуугиан тарьсан.
Луйвраар гаршсан Г.Алтан банк дампуурах сургаар эртнээс зохион байгуулалтад орж бүхнийг нарийн төлөвлөсөн бололтой. Банкны дампуурал хүртэл тэдний зурсан зураг, гаргасан жимээр явах юм.
Капитал банкинд “Алтжин” группын эзэн Г.Алтангийн 60 тэрбум төгрөг хадгалагдаж байжээ. Энэ мөнгийг банк өгч чадахгүй, дампуурах нь тодорхой болонгуут “1 сая төгрөг өгнө” гэж түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг аваад Капитал банк дээр хүн тус бүрт хадгаламжийн данс нээлгүүлжээ.
Банк дампуурлаа зарлангуут 20 саяас доош хадгаламжтай иргэд хадгаламжийн даатгалаас мөнгөө Хаан банкаар дамжуулан авах эрх үүссэн байгаа юм.
Эдвард Сүрэн ингээд 4200 хүний дансаар дамжуулаад 60 тэрбумаа авах боломжтой болов. Харин ард иргэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нь. Эдний хуйвалдаан бүр төгсөрчихжээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал банкинд төрийн 340 тэрбум төгрөг байршиж байсан” гэсэн. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, МУБИС-ийн 2 тэрбум, АШУҮС-ийн 4 тэрбум, ЖДҮХ сангийн 47 тэрбум ингээд нийт төрийн буюу татвар төлөгч иргэдийн хуримтлуулсан 340 тэрбум төгрөг хадгалагдаж байгаад банк дампуурснаар гацлаа.
Эдгээр мөнгийг төлж барагдуулах үүргийг төр хүлээнэ. Өөр хэн хүлээх үү. Төрөөр өрөө төлүүлдэг хулгайчууд ард нь багаа нуугаад үлдэнэ. Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй байна. Ийм шийдвэр, ийм үйлдэлд ард түмэн цухалдаж бухимдаж жагсаал цуглаан хийхгүй гээд яах юм бэ.
О.Гэрэл
Оллоо.mn