Д.Эрдэнэбаатар: Булш тонох гэж байсан залуучуудыг бариад өгчихлөө

Эртний булш, түүх соёлын дурсгалаа тонон дээрэмддэг бүлэг хулгайч нарыг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст барьж өгсөн талаар Улаанбаатар их сургуулийн археологийн танхимын эрхлэгч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар мэдээллээ. Бид энэ талаар түүнтэй холбогдож тодруулсан юм.

-Таны твиттерт бичсэн мэдээллийг уншлаа. Тэр залуучууд хаанахын булшийг тонох гэж байв аа?

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасын тал дахь Гол мод 2 гэдэг газар. Энд 200 гаруй булш байгаа. Гол мод 2-ын нэгдүгээр булшийг нээж 2011 онд бид судалгаагаа гаргасан. Тэндээс тухайн үед археологийн ямар түүх соёлын олдворууд гарч ирснийг монголчууд мэднэ. Хоёр дахь булшийг судлаад гурван жил болж байна. Гэтэл дээрэмчин хулгайч нар түүх соёлын дурсгалыг ухаж сүйрүүлэхээр ирсэн байгаа юм.

-Хаанахын ямар залуучууд байв аа. Нутгийн хүмүүс юу хэлж байх юм?

-Улаанбаатар, Эрдэнэт гээд тал талаас нийлсэн таван залуу ухаж байгаа юм. Надад нутгийн иргэд мэдээлэл өгнө л дөө. Ер нь нутгийн иргэд түүх соёлын дурсгалаа хамгаалах тал дээр идэвх, сэтгэлтэй хандаж, хуулийн байгууллагатай болон бидэнтэй хамтарч ажилладаг. Тэд хамгаалаагүй, тэд мэдээгүй байсан бол ухаж тонох байж.

-Та хэзээ мэдэв?

-Уржигдар ийм явдал болоод цагдаад барьж өглөө гэж нутгийн иргэд надад хэлсэн. Сумын цагдаа нар барьж аваад Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс нь татаж авч шалгаж байгаа юм байна. Мандах гэдэг цагдаа шалгаж байгаа. Би сонсоод даруй очиж тэр түүх соёлын дурсгалын түүхэн ач холбогдлын талаар мэдүүлэг өгөөд ирлээ.

-Эвдэлж сүйтгэсэн зүйл байна уу?

-Азаар үндсэн зүйл рүү нь ороогүй юм шиг байна. Бид тэр хулгайч нар шиг ухахгүй л дээ. Судалж шинжилж, баримтжуулж бэхжүүлж үзэх ёстой байдаг учраас олон жил шаарддаг. Хайр гамгүй хандах юм даа.

-Гол мод 2-т өмнө нь ийм зүйл гарч байв уу?

-Гарсаан. Өнгөрсөн өвөл ийм зүйл болох гээд, хэдэн залуу ухаад байна гэж нутгийн иргэд мэдээлсэн. Миний сонссоноор сая баригддаг залуучуудын хоёр дахь удаагийн үйлдэл болж байгаа юм уу даа. Судлаачдаас өмнө тоноод аваад явчихвал сүйрнэ шүү. Хамгаалж л байх хэрэгтэй.

Г.Улсболд

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen