"Эко-Алтан Заамар"-т осолдсон хоёр насосчин ажилд ороод сар ч болоогүй байжээ

"Эко-Алтан Заамар"-т осолдсон хоёр насосчин ажилд ороод сар ч болоогүй байжээ

 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсанаас хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан.

Тодруулбал, Осол болох үед “Эко-Алтан Заамар” ХХК-ийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байсан бөгөөд уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн 33 настай Б, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 27 настай Д нар дарагдсаныг тус өдрийн 16.05 цагт уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан байдаг. 

Харин үлдсэн дөрвөн иргэнийг олохоор ослын голомтод ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласны хүчинд гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг, 6-ны өдрийн 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. 9-ний өдрийн 08.56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргасан юм.

Ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулахаар уулын аманд ажиллаж байсан дөрвөн сайхан иргэний алтан амийг авч одсон аймшигт осол  урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Мөн уурхайн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, ослын шалтгааныг тодорхой болгосон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан "Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдаж байна. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газарт ажиллаж байна. Ослын шалтгаан нөхцөл тогтоогдсон хэдий ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй" гэсэн бол Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко алтан Заамар” ХХК-ийн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэдгийг хэлсэн.

Мөн тэрбээр, "Компанийн удирдлагууд талийгаачдын ар гэрийнхэнд эхний ээлжинд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, хүн тус бүрт нь хоёр өрөө байх өгөхөөр болсон. Төр мөн ар гэрийнхэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Гэхдээ энэ бол хүн амиа алдсаны хажууд бага зүйл. Тиймээс ар гэрийг нь байнга харж, хандах хэрэгтэй" гэсэн юм.

Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн иргэний хоёрыг нь өнгөрсөн баасан гарагт эцсийн замд нь үдсэн бол нэгийг нь өнөөдөр, нөгөөг нь ирэх лхагва гарагт гаргахаар болсон байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн өдөр уурхайд ажиллаж байгаад амиа алдсан хоёр насосчин тус уурхайд ажилд ороод сар ч болоогүй байжээ.

Бид "Эко-Алтан Заамар" ХХК-ийнхантай холбогдож 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж, хоёр өрөө байрыг нь өгсөн эсэхийг нь тодруулахад, "Мөнгөн тэтгэмжийг нь өгөхөөр баталчихсан байгаа. Хүн бүрийн цалингийн хэмжээ өөр байсан учраас 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж нь харилцан адилгүй оногдож байгаа. Байрны тухайд ар гэрийнхнийх нь хүсэлтийг харгалзаж үзнэ. Хоёр нь орон нутагт амьдардаг учраас тэндээ байр авах хүсэлтэй байгаа учраас бид өөрсдийнх нь сонгосон байршилд хоёр өрөө байрны судалгаа хийж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад мөнгөн тэтгэмж болон байрыг нь хүлээлгэж өгнө" гэсэн юм.

Т.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen