“ОЮУТОЛГОЙ”-Н ГҮНИЙ УС АШИГЛАХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкманд хандан хүсэлт гаргаснаа мэдээллээ. УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэгт Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний гурван гишүүн багтаж ажиллажээ.

Ийнхүү ажиллахдаа “Оюутолгой” компанийн ашиглаж буй гүний усны талаар мэдээлэл бодит байдалтай зөрүүтэй төдийгүй усны эрдэмтдийн байр суурь ч хоёр өөр байгааг тул энэ тоог нэгтгэх шаардлагатай хэмээн тус хөдөлгөөн үзэж байгаа аж. Тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “ Бид газар дээр нь очиж гурав хоног ажилласан. “Оюутолгой” компани секундэд 872 литр гүний ус ашиглаж байна. Гэвч үүнийгээ 572 гэж мэдээлдэг. НҮБ-ын байгаль орчныг хамгаалах чиглэлээр аливаа уул уурхайг ашиглахдаа гүний цэвэр усыг ашиглахгүй гэсэн үзэл баримтлалтай. Гэтэл манай улсад “Оюутолгой” компанид цэвэр усаа найр тавьж өгөөд байна” гэсэн юм.

Тийм учраас энэ зөрүүтэй байдлыг арилгахыг шаардаж байгаа аж. Мөн тус хөдөлгөөний ТУЗ-ийн дарга А.Эрдэнэбаяр “Оюутолгой ордын доор Монгол Улсыг 100 жил хангах цэнгэг ус байгаа. Энэ цэнгэг усыг маш их хэмжээгээр ашигласнаас болж Өмнөговь аймгийн зарим сум усгүй болж эхэлж байна. Нутаг орон нь эрчимтэй цөлжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд Монгол Улс өртөж байна. Цэвэр усгүй болж байна. Тиймээс бид дээрх тооны зөрүүг арилгаж, жилд яг хэчнээн тонн гүний цэнгэг ус ашиглаж, түүнийхээ хэдэн хувийг цэвэршүүлж байгааг тодорхой болгох, мөн баяжмал боловсруулахдаа Улаанбаатар хот дахь Төв цэвэрлэх байгууламжаас шугам татаж, саарал ус ашиглах технологийг нэвтрүүл гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэлээ.

Тэдний тооцоолсноор нийслэлээс шугам татаж, саарал усыг говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад ашиглах нь “Оюутолгой”-н ашиглаж буй гүний уснаас хавьгүй хямд өртөгтэй хэмээн үзжээ. Тийм ч учраас НҮБ-ын суурин төлөөлөгчид хандсан бөгөөд цаашид “Оюутолгой”-н гүний ус ашиглах эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen