УСНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

УСНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

 

Манай улсын усны хязгаар­лагдмал нөөцтэй орны тоонд ордог . нийт 564.800 сая шоо. метр нөөцтэйгөөс 10.500 сая шоо. метрийг ашиглах боломжит нөөц гэж үздэг байна. Гэвч нийт усны нөөцийн 70 орчим хувь нь манай хоёр хөрш рүү урсан гардаг байна.

Түүнчлэн хүн амын дунд эрдэсжилт, хатуулаг ихтэй ус хэрэглэж, хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр усны эрүүл ахуй, чанарын асуудал эрсдэлтэй байдалд орж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамтай хамтран “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Хэлэлцүүлгээр усны засаглалын бүтэц, оновчтой засаглал болон газрын доорх усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хязгаарлах талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ. Тухайлбал, Израйль Улсад зохистой ус татамжийн зарчмыг төрийн бодлогодоо баримталдаг байна. Энэ нь хур тунадас хамгийн их ордог дөрөвдүгээр сард хур тунадас, гол мөрний усны төвшинг хяналтын сүлжээний тусламжтай тодорхойлж, дараагийн жил ашиглах боломжит усны хэмжээг гаргадаг аж. Мөн усаа зургаан эрэмбэд хувааж авч үздэг байна.

Эхний буюу хүн амын усны хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд хөдөө аж ахуй болон бусад шатанд ус хэрэглэхгүй байх зохицуулалтыг бие болгожээ. Манай улсын хувьд ч усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах ёстой гэдийг эрдэмтэн, судлаачид хэлж байв. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судалж, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Д.Басандорж: Өдөрт дунджаар 130 сая ам.доллар хоёр хөрш рүү урсаж байна

ШУТИС-ийн багш, доктор Д.Басандоржоос тодрууллаа.

-Манай улсын усны нөөц багасаж байгаа талаар ярьдаг. Энэ талаарх судалгаа, тоон мэдээллийг өгнө үү?

-Монголын усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус эзэлдэг. Төв Азийн өндөрлөг газар, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүсийн хувьд мөнх цаст мөсөн гол хайлах замаар усны нөөц дундарч байгаа судалгааны дүн бий. Алтай таван богд зэрэг баруун бүсийн мөслөг уулсын дунд 187 мөсөн гол Монгол Улсын усны нөөцийг бүрдүүлж байгаа. Япон Улсын Засгийн газрын тусламжтайгаар хяналтын станц байгуулсан. Эндээс мэдээлэл авахад бид 2030 он гэхэд 3.7 сая шоо.метр ус алдана гэсэн хүнд тоо баримт бий. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, баруун бүсийн усны асуудлыг онцгойлон авч үзэх зэрэг стратегийн асуудал яригдах ёстой. Бид 16 алтны ордыг стратегийн газар гээд авчихсан. Харин усны нөөцөө стратегийн ач холбогдолтой гэж ойлгодоггүй нь харамсалтай. Тиймээс усны нөөц багатай, уул уурхай нь эдийн засгийн гол түлхүүр болж байгаа, олон сая малтай орны хувьд усан хангамжийн асуудлаа яаж шийдэх вэ, тогтвортой байдлаар усны нөөцөө ашиглаж, улс орныхоо эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг нь бодлогын асуудал юм.

-Гүний усны хувьд ч тулгамд­сан асуудал бий гэдгийг эрдэмтэд хэлдэг?

-“Оюутолгой” компани гүний хоолойгоор гүний ус татаж байна. Гүний ус 100 литрийг ашигласан бол 100 литрээр нөхөн сэргээгдэх ёстой. Энэ асуудал дээр төрийн бус байгууллага болон эрдэмтэн судлаачдын гаргасан тоо баримт байдаг. Гэвч нөгөө талдаа ус ашиглах зөвшөөрлийг нь зөрүүтэй олгочихсон байна. Усны талаар нэгдсэн бодлого гаргах бүтэц байхгүй учир дуртай нь дуртай тоогоо хэлж, шийдвэрлэж байна.

-Нөөц бүрдүүлэх ажил хоцрог­дож байна лээ. Үүнийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа вэ?

-Жишээ нь, бид жилд 600-700 сая шоо.метр усыг уул уурхай, эрчим хүч, хүн ам, мал амьтны ундны усны хангамжид зарцуулдаг. Энэ ус бохирдоод хаягдаж байна. Хаяж байгаа усаа цэвэршүүлж, гүний усыг тэтгэх зэргээр нөөцөө нэмэгдүүлэх чиглэл рүү бодитой арга хэмжээ авах ёстой. Бид гадаргын ус хайлж хоёр хөрш рүү ч урсаад байна гэж ярьж байна. Гэтэл бид газар доорх, нөөцийнхөө 90 хувийг ашиглаж байгаа. Тэгэхээр Монголын төрд бодлого байна уу гэдэг асуудлыг тавьж байна. Өдөрт дунджаар 130 сая ам.доллар урсаад гарч байна. Зөвхөн Монгол Улсын үнэлгээгээр ярихад энэ. Бид ингээд урсгаад, бохирдуулаад байх уу. Өөр өнцгөөс харах цаг болжээ.

-Цаашдаа усны асуудал хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллага, усны агентлаг байгуулах санал хэлэлцүүлэгт оролцогчид гаргаж байна?

-Би төв Ази, Кавказын бүсийн есөн оронд усны зохицуулах координатыг хийдэг. Манайхаас бусад бүх орон Усны аж ахуйн яамтай. Ялангуяа, газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлдэг орнууд усны зөв менежмент хийснээр хөгждөг юм байна. Манай улсад яамнаас илүүтэй усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байх ёстой гэж байгаа юм. Энэ асуудлыг олон жил тавьж байгаа ч ажил хэрэг болохгүй байгаа учир төрийн бус байгууллага нэгдэж, Усны үндэсний холбоо байгуулсан.

-Ус бохирдуулсны хуулийг батлаад зургаан жил өнгөрсөн ч хэрэгжихгүй байгаа. Гэтэл бидэнд уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс төлбөрөө хэрхэн авах асуудал тулгамдаж байна. Бусад орны хувьд ямар жишиг байдаг юм бол?

-Үндсэн бохирдуулагч зургаан элемент байдаг. Эдгээр элемент ямар хэмжээтэй усыг хэр хэмжээтэй бохирдуулсан бэ гэдгээр нь төлбөр ногдуулах нь шударга. Бусад улс орон бага бохирдуулсан бол бага, их бохирдуулсан бол их төлөх зарчмаар явж байна. Гэтэл үйлдвэрийн эзэд нь хэн байна вэ гэхээр УИХ-ын 76 гишүүний дунд сууж байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй учир энэ хууль хэрэгжихгүй байна гэж харж байгаа.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen