Б.Баттулга: Крипто вальют хэрэглэгчид талх Ч.Ганхуягтай тэмцэнэ
Крипто вальют хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоог санаачлагч Б.Баттулгатай ярилцлаа.
-Иргэн Б.Баттулга та Крипто вальют хэрэглэгчдийн холбоог байгуулах болсон тухай мэдээллийг авлаа. Ямар зорилгоор энэхүү холбоог байгуулж буй юм бэ?
-Эдийн засгийн хөгжлийг дагаад төлбөр тооцооны гол хэрэгсэл болох FIAT мөнгө цахим хэлбэрт шилжих явц үргэлжилж байна. Үүнийг дагаад крипто вальют гэх ойлголт бий болж, дэлхий нийт хэрэглэж эхэлсэн. Крипто вальют нь гадаад төлбөр тооцоог шимтгэлгүй, хурдан шуурхай хийхэд ач холбогдолтой учраас хүмүүсийн хэрэглээнд асар хурдтай нэвтэрсэн. Монголд ч хэрэглэгчид олон бий. Нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй бол хүмүүс харанхуй, мэдээлэлгүйгээр энэ талбар руу орж хохирох явдал их байдаг.
-Цахим мөнгийг монголчууд тийм их хэрэглэдэг гэж үү?
-Нэг л жишээг дурдъя. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх Биткойн гэхэд 2017 он эхний хагаст нэг ширхэг нь 600 ам.доллартай тэнцэж байсан. Гэтэл мөн оны зургадугаар сараас эхлэн Биткойны эрэлт ихэсч ханш нь маш хурдтай өссөн. Тухайн жилийнхээ арваннэгдүгээр сар гэхэд 14 мянган ам.долларт хүрсэн нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан байдаг. Эндээс ажил хийлгүйгээр, богино хугацаанд мөнгөө хэд нугалж өсгөх боломжтой юм байна гэсэн ойлголтоор монголчууд их нэгдсэн. Үүгээр дамжуулаад тухайн үедээ мөнгөө өсгөсөн цөөхөн монгол хүн бий.
-Тэгэхээр хохироод үлдсэн олон хүн бий гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Хожсон цөөхөн, хохирсон маш их хүн бий. Бас монголчуудыг мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан ашиг хонжоо хайсан хийсэн хүмүүс ч бий.
-Жишээлбэл?
-Ард санхүү нэгдлийг үүсгэн байгуулагч, талх хочит, Ч.Ганхуяг байна. Яаж вэ гэвэл биткойны данс яаж нээх тухай ямар ч ойлголтгүй байсан хүмүүст данс нээж өгнө гэсэн сурталчилгааг асар хүчтэй хийсэн. Ингээд очсон хүмүүст биткойны данс нээж өгөхөөсөө өмнө хаалттай хувьцаат компанийнхаа дансанд хамгийн багадаа 800 мянган төгрөг хийхийг шаардсан. Энэ шаардлагыг нь биелүүлсэн хүмүүст зөвхөн өөрсдийн олборлодог биткойноос зарах эрх нээж өгнө гэсэн ухуулга маш ихээр хийж өдөр бүр сошиал ашиглан лайв хийдэг байсан. Гэтэл яг үнэндээ биткойн худалдаж авах, худалдах дансыг хүн бүр интернетээр ороод шууд нээлгэх боломжтой байсан юм билээ. Ийм байхад Шангрилагийн нэгдүгээр давхарт олон оюутнуудыг ажиллуулан очсон иргэн бүрээс 800 мянгаас дээш төгрөг луйвардаж авсаар байсан. Ингээд Биткойны ханш унахад талх хочит Ганхуяг “Крипто вальютаас ашиг олвол аз чинь, олохгүй бол хохь чинь” гэж Ikon.mn сайтаар дамжуулан 2018 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр мэдэгдээд алга болсон. Ингээд Ганхуягийг дагаж крипто вальютийн зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс маш том шатсан. Ядаж үнэ унах тухай мэдээлэл ч өгөлгүй алга болсон.
-Энэ зах зээлд орсон хүмүүсийн өөрсдийнх нь буруу биш юм уу?
-Үгүй ээ. Энэ бол чоно борооноор гэдэг шиг үзэгдэл болсон. Нэгдүгээрт Ч.Ганхуяг маш ихээр уриалж монголчуудыг крипто вальютын зах зээл рүү оруулсан. Хоёрдугаарт зөвхөн биткойны зах зээл рүү нэвтрэх дансыг нээж өгнө гэх нэрээр өөрийнхөө хувийн компани руу маш их хөрөнгө оруулалт хийлгэсэн байх магадлалтай.
-Одоо та бүхэн яах вэ?
-Ч.Ганхуягийн энэ ажиллагаанд өртсөн бүх хүмүүсийг нэгтгэх шаардлагатай байна. Ингэж нэгдсэнийхээ дараа хохирогчдын холбоо байгуулан түүнээс хохирлоо нэхэмжилэн ажиллана. Өнөөдөр Ч.Ганхуяг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн дарга болохоор өрсөлдөж байгаа юм байна. Энэ үеэр очиж хохирлоо нэхэмжлэхийг нийт крипто вальютын зах зээлд хохирсон хүмүүстээ уриалмаар байна. Би ч тэнд очино. Ийм хүн Монголын нийт бизнес эрхлэгчдийг төлөөлж ажиллах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Ажиллалаа ч гэсэн бидний жишээнээс харахад бүх бизнес эрхлэгчид хохирч Ганхуяг ганцаараа хожоод үлдэх биз.