Цахим гэмт хэрэг терроризмоос илүү аюул дагуулдаг

Хорин нэгдүгээр зуун гарч техник технологийн олон арван ололт амжилтууд бидний амьдралын хэвшил болжээ. Үүний нэг нь фэйсбүүк гарцаагүй мөн.

Монгол Улсад сошиал медиа ялангуяа, фэйсбүүк хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөөд байгаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ухаалаг гар утас хэрэглэгчийн тоон судалгааг гаргасан байна. Үүнд, үүрэн холбооны хэрэглэгч 3.9 сая, дата хэрэглэгч 2.6 сая байгаагаас ухаалаг утсыг 2.4 сая нь ашиглаж байна гэсэн дүн гарсан байгаа юм. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр сарын байдлаар фэйсбүүк хэрэглэгч, сарын идэвхтэй хэрэглэгчийн тоогоор 2.1 сая байгаа гэсэн мэдээлэл байна. 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 25 хувиар өссөн дүн гарчээ. Эдгээр хэрэглэгчийн 95 хувь нь фэйсбүүкт гар утсаараа нэвтэрч, ашигладаг гэсэн дүн гарчээ.  

Монгол Улсын фэйсбүүк хэрэглэдэг 18-с дээш насны нийт хүн амын 66 хувь нь 18-34 насныхан байна. Энэ үзүүлэлт 2017 онд 70 хувь байсныг сануулахад илүүдэхгүй биз.  Мөн 2018 оны хоёрдугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн судалгаа гарчээ.

Фэйсбүүк Монголд хандалтаараа гуравдугаарт жагсаж байгаа бөгөөд түүний дээр Youtube болон Google вэбүүд тэргүүлж байна.

Хэдийгээр фэйсбүүк бидний амьдралын олон талт харилцаанд ахиц дэвшил авчирч, цаг завыг хэмнэдэг ч нийгэмд хар бараан зүйл дагуулсаар л.

Соёлт нийгэмд шилжиж энэ мэтийн зүйлсийг өргөнөөр хэрэглэж байгаа нь сайшаалтай авч, үүгээр дамжуулан залилангийн хэрэг олон гарах болжээ.

Кибер гэмт хэрэг нь үндэстэн дамнасан хил хязгааргүй үйлдэгддэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнуудад терроризмын аюулаас үүссэн хохирлоос илүү хэмжээний хохирол учруулж байна гэж үзэж байгаа юм.

Тухайлбал, фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Нэг өглөө сэрэхэд нь фэйсбүүкийн мессенжерт “найзад нь яаралтай мөнгө хэрэг боллоо, найздаа мөнгө зээлээч” гэх мэт мессежийг ойр дотны хүмүүс рүү нь илгээсэн байх тохиолдол их гарах болжээ.

Энэ төрлийн залилан нь гол төлөв таны нийгмийн сүлжээн дэх нэр, зургийг хуулбарлан шинэ хаяг нээж таны өмнөөс найзуудаас тань мөнгө зээлж болзошгүй. Хамгийн гол нь тэд чоно бид хонь. Хэнд ч тохиолдож болзошгүй зүйл гэдгийг анхааруулах юун.

Эсвэл тухайн хэрэглэгч фэйсбүүкийн нууц үгээ хэт амархан хийснээс болж бусдад боломж олгож ийм гэмт хэрэг гарахад хүрдэг.

Уг гэмт хэрэгт эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар, 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. 

Дэлхий дээр нийт 2,07 тэрбум фэйсбүүк хэрэглэгчид байна. Үүнээс 60 сая фэйсбүүк хаяг хуурамч болон давхацсан байгааг  “Фэйсбүүк” компани өөрөө хүлээн зөвшөөрчхөөд байгаа. Тодруулбал, 10 хувь нь тодорхой хэмжээгээр ашиглагддаг давхацсан хаяг, 2-3 хувь нь хуурамч хаяг байна. Эдгээр үзүүлэлт нь даруй өнгөрсөн оноос өссөн үзүүлэлт төдийгүй фэйсбүүкээр дамжин гарах нийт гэмт хэргийн тоо ч эрс ихэссэн аж. Улмаар хуурамч хаягуудыг устгах ажиллагаа явуулсан.

Манай улсад цахим орчинд түгээмэл үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил гэвэл, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Хувь хүний нууцад халдах,  Бусдын эд хөрөнгө авахаар заналхийлэх, Гүтгэх, Заналхийлэх, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг, Залилах, Хувь хүний нууцыг задруулах, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих түгээмэл байгаа юм. Мөн дамын наймаа хөгжих голомт болоод буйн зэрэгцээ түүнийг дагасан залилан, дээрмийн гэмт хэргийн сэдэл болсоор байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулав.

Уг хөдөлгөөнд иргэд, албан байгууллагууд идэвхтэй нэгдсэн бөгөөд үр өгөөжөө  өгсөн зөв зүйтэй ажил болсон билээ. Иргэд ч сайшаалтай байгаа.

Энэ мэтчилэн нүдээ олсон үйл ажиллагааг ээлж дараатайгаар олноор нь зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр чимээгүй терроризмын аюулыг бага багаар устгаж чадна. Иргэд дор бүрнээ ухамсарлан, хуурамч хаягтай, нэр ус нь тодорхойгүй хэрэглэгчийг найзаасаа хасч, фэйсбүүкт мэдэгдэх буюу “Report” хийж байхыг анхааруулж байна. Энэ нь өөрийгөө болон бусдыг болзошгүй бэрхшээлээс хамгаалах энгийн арга зам билээ.

 

24tsag.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen